"Эмнести Интернэшнл” Монголын шийдвэрийг сайшаав

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-12-08 13:11:06

ПРАГА. /tol/. Цаазаар авах ялыг халсан нь хүний эрхийн салбарын том ялалт боллоо гэж “Эмнести Интернэшнл” Монголыг сайшаагаад, энэ жишээг дагахыг бусад оронд уриаллаа.

2016 оны есдүгээр сараас эхлэн цаазаар авах ялыг халах эрүүгийн хуулийг Монголын УИХ хэлэлцэж, баталсан нь хүний эрхийн төлөө тэмцэгчдийн сайшаалыг хүртсэн байна гэж “AKIpress” мэдээлэв. Цаазаар авах ялыг хална гэж Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэдэгдсэнээс хойш таван жилийн дараа уг хуулийг баталлаа.

Ийм шийдвэр гаргуулахын төлөө хэдэн жил тэмцэж байгаа “Эмнести Интернэшнл” энэ сарын 3-нд баталсан уг хуулийг сайшаасан байна.

Монгол хамгийн сүүлд 2008 онд цаазаар авах ялыг хэрэгжүүлсэн гэж ялтныг цаазалсан тухай дэлхийн мэдээллийг хадгалдаг Корнеллийн их сургуулийн Хуулийн сургууль мэдэгдэв. 2012 онд Монголын Засгийн газар Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын тухай НҮБ-ын поротоколд гарын үсэг зурж, цаазаар авах ял шийтгэхгүй гэж амласан билээ.

“Монгол цаазаар авах ял оноодоггүй 102 дахь улс болж байна. Ийм ял нь төрийн нууц байдаг болохоор холбогдох мэдээллийг цуглуулахад хүндрэлтэй байдаг хэдий ч Монголын урд хөрш БНХАУ цаазын ялыг хамгийн ихээр хэрэгжүүлдэг улс юм” гэж “Эмнести Интернэшнл” мэдээлжээ.

Цаазаар авах ял нь буруу болохыг Ц.Элбэгдорж тайлбарласан бөгөөд түүнээс үлгэр жишээ авахыг “Эмнести Интернэшнл”-ийн Зүүн Азийг хариуцсан судалгааны газрын захирал Розанна Райф уриалаад, цаазын ял хэрэгжүүлж буй орнууд түүхэнд муу нэртэй үлдэх болно гэж мэдэгдсэн байна.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ