“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” амьд хөгжмийн тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2018-07-23 17:10:53
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, “Цацрах эгшиг” ТББ-тай хамтран нийслэлийн “Улаанбаатар чуулга” ОНӨҮГ, мэдээллийн технологийн “Yesuimind” ХХК-ийн дэмжлэгээр “Алкохолгүй амьд хөгжмийн тоглолт”-ыг энэ сарын 28-ны өдрийн 19 цагт нийслэлийн Улаанбаатар чуулгын Их танхимд зохион байгуулах юм байна.

 “Нийслэлийн Залуучууд” дэд хөтөлбөрийн 2.2.4-т “Залуучуудын амралт, чөлөөт цаг өнгөрүүлэх орчин нөхцөл, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх” зорилтын хүрээнд соёл, урлагийн шинэ хамтлаг, дуучин залуучуудыг дэмжих, тэдний уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, чөлөөт цагаа зөв боловсон, эрүүл орчинд өнгөрөөх нөхцлийг бүрдүүлэх зорилгоор дээрх тоглолтыг зохиож буй аж.

“Бодитоор мэдэрье, Эерэгээр харъя” уриатай согтууруулах төрлийн ундаагүй амьд хөгжмийн тоглолтод поп, метал, алтерьнатив, панк болон рок урсгалын шинэ залуу 9 хамтлаг өөрсдийн санаачилгаар нэгдэн оролцох юм байна.

Тус тоглолт нь залуучуудыг аливаа нэгэн хорт зуршлаас ангид байдлаар сэтгэцэд нөлөөлөх мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзахад уриалж байгаагаараа онцлог бөгөөд зорилтот бүлгийн залуучууд энэхүү тоглолтыг үнэ төлбөргүй үзэх боломжтой аж.
Холбоотой мэдээ