Онгон сум дахин нэг “Аймгийн арслан”-тай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-07-11 20:28:33
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн Онгон сумын уугуул, аймгийн харцага Н.Өсөхбаяр аймгийнхаа баяр наадамд найм даван түрүүлж, аймгийн арслан цол хүртлээ. Тэрээр өдгөө хорин настай бөгөөд бөхийн спортоор тав дахь жилдээ хичээллэж байгаа аж. Аймгийн хурц арслан Ш.Мөнгөнбаатар, З.Номиндалай гээд Сүхбаатар аймгийн шилдэг бөхчүүд мөн Онгон сумын уугуул билээ.

“Аймгийнхаа наадамд түрүүлсэндээ үнэхээр их баяртай байна. Онгон нутгаас олон сайхан хүчтэнүүд төрөн гарсан байдаг. Хоёр жилийн өмнө аймгийн арслан З.Номиндалай аймгийнхаа баяр наадамд түрүүлж, хурц арслан болж байсан бол өнөөдөр би шинэхэн арслан цолтон боллоо. Сэтгэл үнэхээр өндөр байна. Энэ амжилтанд хүрэхэд надад туслаж дэмжсэн ар гэрийнхэн, багш дасгалжуулагчид нийт бөхчүүддээ талархал илэрхийлье.” хэмээн тэрээр сэтгэгдлээ хуваалцав.

Харин Дарьганга сумын уугуул, аймгийн харцага М.Гансүх долоо даван үзүүрлэж, аймгийн заан цол хүртсэн юм. Түүний хувьд Дарьганга сумаас 31 жилийн дараа төрж буй аймгийн цолтон ажээ.

Мөн аймгийн баяр наадамд Монгол Улсын начин Ц.Анхбаяраар ахлуулсан 256 бөх зодоглосноос аймгийн начин цолтон гурав, харцага цолтон нэг тус тус шинээр төрөн гарсан юм.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ