“Запад-2025” сургуулилалтын үеэр “Циркон” пуужинг туршжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
b.adiyakhuu@montsame.gov.mn
2025-09-15 14:29:45

ВАРШАВ, 2025 оны есдүгээр сарын 15 /DW/. “Запад-2025” цэргийн сургуулилалтын хүрээнд өчигдөр Оросын тал дуунаас хэт хурдан “Циркон” пуужинг амжилттай туршсан бөгөөд уг пуужин Баренцын тэнгис дэх байг өндөр нарийвчлалтайгаар шууд онож устгасан тухай ОХУ-ын Батлан хамгаалах яам мэдээллээ. 


Өнгөрсөн баасан гарагт эхэлсэн сургуулилалт Орос, Беларусийн нутаг дэвсгэрт, Балтийн ба Баренцын тэнгисийн орон зайд явагдаж байна. Энэхүү хээрийн сургууль нь Холбооны улсын батлан хамгаалах тогтолцоог бэхжүүлэх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хангахад чиглэсэн гэдгийг Оросын тал мэдэгдлээ.


Энэ үеэр Польш болон НАТО-гийн холбоотон улсуудын зэвсэгт хүчнүүд байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа бөгөөд Оросын дронууд 10-ны өдөр Польшийн агаарын хилийг зөрчсөнийг илрүүлэн устгасан байна. Үүнтэй холбогдуулан Польшийн Ерөнхий сайд Д.Туск мэдэгдэхдээ “"Запад-2025" бол маш түрэмгий шинжтэй сургуулилалт” гэжээ.


Беларусь улс НАТО-гийн гишүүн Литва, Латви улсуудтай шууд хиллэдэг тул тус эвслийнхэн цэргийн хээрийн сургуулийг анхааралтай ажиглаж байна. Сургуулилалт 16-нд дуусах бөгөөд Кремлийн ордноос мэдэгдсэнээр, уг ажиллагаа аль нэг тодорхой улсын эсрэг чиглээгүй ажээ.


Орос-Беларусийн хамтарсан “Запад” цэргийн сургуулилалт дөрвөн жилд нэг удаа явагддаг бөгөөд 2021 онд болсон өмнөх хээрийн сургуульд 200 мянга гаруй цэргийн албан хаагч оролцсон байна.  

Холбоотой мэдээ