МАХН-ын ээлжит бус Их чуулган эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-07 13:14:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/.МАХН-ын ээлжит бус Их чуулган өнөөдөр “УБ палас”-ийн их танхимд эхэллээ.

Чуулганд Монгол Улсын бүх сум, нийслэлийн хороо бүрээс 1019 төлөөлөгч оролцож байна. Энэ удаагийн чуулганаар 2011 онд батлагдсан МАХН-ын дүрэм, мөрийн хөтөлбөр, дотоод зохион байгуулалтад өөрчлөлт оруулах юм. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн 42-р тойргийн нөхөн сонгуульд нэр дэвшигчийг тодруулахаас гадна “60 тэрбум”-ын асуудал, Оюутолгойн гэрээ, Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг шийдвэрлэх боломж, нөхцлийн талаар хэлэлцэхээр төлөвлөсөн байна.

Энэ үеэр МАХН-ын Ерөнхий нарын бичгийн дарга Б.Тулга, “Манай намын 2011 оны Анхдугаар Их чуулганаас хойш 2012, 2016 оны УИХ-ын, 2013, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль болон орон нутгийн ИТХ-ын сонгуульд оролцож, үндэсний хэмжээнд, улс төрийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирлээ. Мөн Монгол Улсын хөгжлийн гарц нь Үндсэн хуулийн өөрчлөлт хэмээн үзэж "БНМУ-ын Дээд хуулийн төсөл"-ийг боловсруулан, эрдэмтэд, салбар бүрийн төлөөлөл, улс төрийн намууд, судлаачдаар хэлэлцүүлсэн. Өнгөрсөн 7 жил МАХН-ын туулсан бэрхшээл бүхэн бидэнд хатуужлыг олгож ирсэн. Цаашдаа Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө, иргэдийнхээ сайн сайхан амьдралын төлөө ажиллах болно” гэлээ.
МАХН-ын ээлжит бус Их чуулган үргэлжилж байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ