Японы шигшээ багийн дасгалжуулагч ажлаа хүлээлгэн өгчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2018-07-05 16:03:22
ТОКИО. /Киодо/. Японы хөл бөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Акира Нишино-г ажилдаа үлдэхийг ятгахгүй бөгөөд түүний шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллах хугацаа энэ долдугаар сараар дуусгавар болж байна гэж тус улсын хөл бөмбөгийн холбооноос пүрэв гарагт мэдэгдсэнийг “Киодо” агентлаг уламжлав.

Тус улсын хөл бөмбөгийн холбооны ерөнхийлөгч Козо Ташима шигшээ багийнхан ДАШТ-ний шөвгийн 16-ын тоглолтод Бельги улсын шигшээ багт ялагдан эх орондоо эргэн ирж, Нарита буудалд буусны дараа хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр энэ тухай мэдэгдсэн байна.

“Би шигшээ багийн тамирчдаа дасгалжуулж байхдаа энэ удаагийн ДАШТ-нийг дуустал л ажиллана гэж бодож байсан. Би хийх ёстой зүйлээ хийсэн л хэмээн бодож байна” гэж дасгалжуулагч Акира Нишино мэдэгджээ. Шигшээ багийн ахлагч Макото Хасэбэ мөн үүрэгт ажлаа хүлээлгэн өгч буйгаа хэвлэлийн бага хурлын үеэр зарласан байна.

“Биднийг тэмцээнд явахын өмнө хүмүүс төдийлөн анхаарал хандуулахгүй байсан хэдий ч тоглож эхлэхэд нөхцөл байдал өөрчлөгдсөн. Манай багийнханд найдлага бага тавьж байсан хүмүүсийн хандлагыг бид өөрчилж чадсан. Япончууд хөл бөмбөгийг дахин сонирхож эхэллээ. Энэ л бидний хувьд үүргээ амжилттай биелүүлсэн хэрэг хэмээн бодож байна” гэж 34 настай Хасэбэ тэмдэглэжээ.

Э.Хулан


 

Холбоотой мэдээ