Л.Энх-Амгалан: Хаврын чуулганаар эдийн засгийн өсөлтийг дэмжих бодлогын томоохон шийдвэрүүд гарсан

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-07-03 14:22:04
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан өнөөдөр 2018 оны Хаврын чуулганаар баталсан онцлох хууль, тогтоолуудын талаар мэдээлэл хийв.

УИХ ээлжит чуулганы хугацаанд эдийн засгийн өсөлтийг дэмжсэн томоохон бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэх шийдвэрийг гаргасан гэдгийг УИХ-ын дэд дарга онцоллоо. Тухайлбал, “Таван толгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолыг баталснаар “Эрдэнэс-Таван толгой” компанийн хувьцааны 30 хүртэлх хувийг гадаад дотоодын хөрөнгийн биржээр арилжаалж, холбогдох дэд бүтцийн төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх бололцоо бүрдэж байгаа гэв. Мөн УИХ-аас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд олгох шийдвэрийг гаргасан бөгөөд ирэх онд 100 хувьд хүргэхээр төлөвлөж буйг танилцууллаа.

Тэрбээр, “Банкыг дахин хөрөнгөжүүлэх тухай хууль баталсан. Ингэснээр банкны хөрөнгө оруулагчид, эздийг хариуцлагажуулах, иргэдийн мөнгөн хадгаламжийг эрсдэлгүй байлгах эрх зүйн орчин бүрдсэн. Мөн банкны эзэд дур зоргоороо бизнесийн салбартай өрсөлддөг, хөрөнгө оруулалт хийдэг байдлыг таслан зогсоож, санхүүгийн үйлчилгээг иргэдэд хүртээмжтэй хүргэх үүргийг хуульд тусгасан гэлээ. УИХ-аас иргэдийн ихээхэн хүлээж буй зээлийн хүүг бууруулах чиглэлд тодорхой ажлуудыг хийсэн. Монголбанкнаас Зээлийн хүүг бууруулах үндэсний стратегийг боловсруулсан. Уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ онд арилжааны банкуудын зээлийн хүү 2-3 хувь буурах бололцоо бий. Мөн иргэд орон сууцны зээлийн төлбөрөө сар бүр төлсөн ч үндсэн зээл маш бага дүнгээр хасагдаж, хүүгийн төлбөрийн дарамтад ордог. Энэ тогтолцоог өөрчлөх шаардлагатай. Тиймээс иргэдийн орон сууц худалдан авах урьдчилгаа төлбөрийг 5 хувиар бууруулах боломжийг бүрдүүлнэ. Засгийн газар өнгөрсөн хугацаанд дотоодын аж ахуйн нэгжүүдээс нийт 4 их наяд төгрөгийн зээлийг жилийн 15-16 хувийн хүүтэй, богино хугацаатай авсан байна. Тиймээс Засгийн газар дотоодын банкуудаас өндөр хүүтэй зээл авахыг зогсооно. Ингэснээр банкуудаас иргэдэд олгох ипотекийн зээлийн хэмжээ нэмэгдэх ач холбогдолтой.

Энэ чуулганаар хэлэлцсэн гол нэг асуудал бол ард иргэдийн төрд итгэх итгэлийг дээшлүүлэх, УИХ-ын гишүүдийн хариуцлага, ёс зүйг дээшлүүлэх зорилгоор чуулганы дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ингэснээр гишүүд бусдын картыг бүртгүүлж ирцэд нөлөөлөх боломжгүй болсон. Мөн бусад гишүүний кнопыг дарж санал өгөх тогтолцоог халж байгаа. Гишүүд хурууны хээгээр Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдаанд ирцээ бүртгүүлж, саналаа өгдөг болж байгаа юм” гэлээ. 

Мөн тэрбээр Улсын бүртгэлийн багц хуулийн хүрээнд төрөөс иргэдэд хүргэх бүртгэлийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй явуулах боломж бүрдсэн, иргэдэд газар өмчлүүлэх тухай хуулийг хугацааг сунгасан, Багшийн хөгжлийг дэмжих тухай хуулийг баталж, багш нарын цалинг үр дүнд суурилсан тогтолцоонд шилжүүлэх болсон зэргийг онцлов. Уг хуулийн хүрээнд сургууль бүр зардлын 2 хувийг багш нарын хөгжилд зарцуулах, бага ангийн багш нарт туслах багшийн орон тоог бий болгох, багшлах эрхийн шалгалтыг болиулах, чадварлаг, үр дүнтэй ажилласан багшийг ажилласан жилээс үл хамааран зэрэг, дэв нэмэх бололцоо бүрджээ.

Энэ удаагийн чуулганаар УИХ-ын хянан шалгах эрхийг хэрэгжүүлэх 15 ажлын хэсэг, байнгын хороодын 10 ажлын хэсэг ажилласан. Тухайлбал, Засгийн газарт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр өгсөн тогтоол, шийдвэрүүдийн хэрэгжилтийг дүгнэх, “Эрдэнэт үйлдвэр”-ийн 51 хувийг Өмнөд Африкийн “Стандарт” банкинд барьцаалсан хэргийг судлах, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” ажлын хэсгүүд идэвхтэй ажиллаж байгааг дурьдлаа.

Энэ үеэр УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон ээлжит чуулганы үйл ажиллагаатай холбоотой тоон мэдээллийг танилцуулав. Тэрбээр “2018 оны хаврын ээлжит чуулган тавьсан зорилтоо бүрэн биелүүлсэн. 2018 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд нэгдсэн чуулган 27 удаа, Байнгын хороод болон Дэд хороод нийтдээ 101 удаа хуралджээ. Ирц хүрээгүйн улмаас хойшилсон хуралдаан байхгүй. Чуулганы нэгдсэн хуралдаан тогтмол 10.00-10.05 цагт эхэлж байсан бөгөөд ихэнхдээ цаг сунган хуралдсан. УИХ-ын нийт гишүүд энэ ээлжит чуулганы хуралдаанд 7877 цаг хуралдсан. Харин 2016 оноос хойш гишүүд чуулганы хуралдааныг нийтдээ 1245 цаг тасалсан. Энэ нь өмнөх парламентаас даруй 10 мянган цагаар бага үзүүлэлт” гэв.

Мэдээллийн дараа сэтгүүлчид сонирхсон асуултадаа хариулт авав

-Улсын бүртгэлийн багц хууль баталснаар ТҮЦ машиныг хэрэглээнээс хасах болсон тухай мэдээлэл гарах болсон. Энэ талаар?

-Өмнө нь төр өөрт байгаа мэдээллээ буюу Төрсний гэрчилгээний хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт зэргийг иргэдээс нэхдэг байсан. Одооноос төрийн мэдээллийн нэгдсэн ХУР систем ажиллаж, цахим үйлчилгээний тогтолцоо хэрэгжиж эхлэх юм. Тиймээс ТҮЦ машиныг үе шаттай хална.

-УИХ-ын дэгийн тухай хуульд хуралдаан тасалдаг гишүүдэд ямар хариуцлага тооцохоор тусгасан бэ?

-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд “Гишүүд чуулганы хуралдааны 1/3-т суугаагүй бол эгүүлэн татна” гэсэн заалт оруулсан. Уг хуулийн төслийг хэлэлцэх үед энэ асуудал тодорхой болно. УИХ-ын Тамгын газраас хамгийн их хурал тасалсан гишүүдийн судалгааг гаргаж байгаа. Удахгүй олон нийтэд зарлана. Мөн УИХ-ын дэгийн тухай хууль хэрэгжиж эхэлснээр гишүүдийн ирцийн мэдээллийг сар бүр иргэдэд нээлттэй мэдээллэдэг болох юм.

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар ээлжит бус чуулган зарлах уу?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай хуулийн төслийг 2018 оны Намрын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулсан.

-Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг удаашралтай байгаа. Үүний шалтгаан нь юу вэ?

-Энэ хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсгийг З.Нарантуяа гишүүнээр ахлуулан байгуулсан ч хоёр жил хүлээгдсэн. Тиймээс хоёр 7 хоногийн өмнө ажлын хэсгийг өөрчлөн байгуулсан. Уг хуулийн төслийг Намрын чуулганы эхний сард багтаан батлах боломж бий.

-Гишүүдийн ирцийн бүртгэл болон хууль, тогтоолын төслийн санал хураалтыг хурууны хээгээр явуулдаг болох зэрэгт нийт хэдэн төгрөгийн санхүүжилт шаардлагатай вэ?

-УИХ-ын дэгийн тухай хууль саяхан батлагдсан. Үүнээс өмнө УИХ-ын Тамгын газраас 2019 оны төсвийн төсөөллөө Сангийн яаманд хүргүүлсэн байсан. Тэгэхээр 2019 оны төсвийн төслийг УИХ-аар хэлэлцэх үед энэ асуудлыг Тамгын газрын төсөвт нэмж тусгах асуудлыг ярих болно. Одоогоор санхүүжилтийн нарийвчилсан судалгаа гараагүй байна.

-“60 тэрбум”-тай холбоотой Нээлттэй сонсголыг чуулганы завсарлагааны хугацаанд явуулах хууль, эрхзүйн боломж бий юу?

-Чуулган завсарласан ч байнгын хороодын ажил хэвийн үргэлжилнэ. Тиймээс Нээлттэй сонсгол явуулах асуудлыг Хууль зүйн байнгын хороо шийдвэрлэх юм.

-Эдийн засаг өсөлттэй байгаа ч иргэдийн амьжиргаанд төдийлөн нөлөөлөхгүй байна, эергээр нөлөөлөх боломжийг бүрдүүлэх чиглэлд ямар ажил хийх вэ?

-УИХ-аас Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг нийт хүүхдийн 80 хувьд өгөх боломжийг бүрдүүлж 205 тэрбум төгрөгийн санхүүжилт баталсан. УИХ-аас баталсан 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд тэтгэвэр тэтгэмж, цалин хөлсийг нэмэх чиглэлийг Засгийн газарт өгсөн.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ