Хотын залуус хоёр тонн хог цэвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-02 18:08:09
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Залуучууд хөгжлийн газар, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Монголын Бодибилдинг фитнессийн Холбоо” ТББ хамтран нийгмийн хариуцлагын хүрээнд хоггүй хотыг бий болгоход иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хог түүх “Гүйе! Түүе!” аянг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Иргэд хогоо түүнгээ хөдөлгөөн хийх, хог хаяхгүй байх дадлыг өөртөө хэвшүүлэх, бусдад хог хаяхгүй байх сэдэл төрүүлэх олон талын ач холбогдолтой “Гүйе!, Түүе!” аяны хүрээнд зохион байгуулсан хоёр дахь удаагийн хог цэвэрлэх ажиллагаанд “Монголын Бодибилдинг фитнессийн Холбоо” ТББ-ын гишүүд, нийслэлийн 9 дүүргийн нийт 200 сайн дурын залуус оролцож хоёр тонн хог хаягдлыг цэвэрлэв. Энэхүү үйл ажиллагаанд Бодибилдинг фитнессийн хамгийн өндөр чансаатай “Азийн Гран При” тэмцээний ялагч болсон 11 тамирчин, тус холбооны олон улсын шүүгчид, бусад тамирчид оролцож, залуучуудыг уриалан үлгэр дууриал үзүүлж байгаагаараа онцлог юм.


Мөн Бодибилдинг, фитнессийн Азийн хошой аварга, дэлхийн гурван удаагийн аварга, олон улсын хэмжээний мастер Г.Угалзцэцэг оролцож, цэцэрлэгт хүрээлэндээ хог хаяхгүй, ухамсартай амарч зугаалахыг нийслэлчүүддээ уриаллаа. “Гүйе! Түүе!” аяны энэ удаагийн үйл ажиллагааны үеэр нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир “Хотын гудамж, талбайд иргэд бид өөрсдөө хог тарьж байна. Иргэн бүр хогийн саванд хогоо хаядаг бол нийслэл Улаанбаатар хот хоггүй хот болно. Нийслэлийн иргэдэд хогоо ил задгай, зориулалтын бус газар хаяхгүй байх хандлагыг төлөвшүүлэхээр олон талт үйл ажиллагаа зохион байгуулж байгаагийн нэг нь “Гүйе!, Түүе!” аян бөгөөд цаашид бид тогтмол зохион байгуулах тул иргэд, ААН, байгууллагуудтай хамтран ажиллахад нээлттэй байна” гэлээ. Аяны хүрээнд өмнө нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх голын ай сав дагуу хуримтлагдсан 54,02 тонн хог хаягдлыг 1400 гаруй залуусын оролцоотой цэвэрлэсэн талаар нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.
 
 
Холбоотой мэдээ