Зүүнбаян-Ханги, Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замын төслийг төрийн бодлогод тусгалаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-29 12:01:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2010 оны 32 дугаар тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тогтоолын төслийг баталлаа.

Уг тогтоолыг баталснаар Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-д Дорноговь аймгийн Зүүнбаян өртөөнөөс хилийн Ханги боомт хүртэл, Эрдэнэт өртөөнөөс Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Овоотын нүүрсний орд газар, цаашлаад хилийн Арцсуурь боомт хүртэлх шинэ чиглэлийн төмөр замын төслүүдийг тусгаж байгаа юм. 

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын төслийг танилцуулбал:

Дорноговь аймгийн нутаг дахь Сайншанд-Зүүнбаян чиглэлийн төмөр замын шугамыг үргэлжлүүлэн Монгол Улс, БНХАУ-ын хилийн Ханги- Мандал боомт хүртэл ойролцоогоор 281 км төмөр замын суурь бүтцийг барьж БНХАУ-ын хилийн одоо баригдаж байгаа төмөр замтай холбосноор Сайншанд-Зүүнбаян-Ханги-Мандал-Бугат чиглэлд тээвэрлэлтийн зай 590 км болж 318 км-ээр дөт болох юм. Зүүнбаян-Хангийн чиглэлийн төмөр замаар тээвэрлэгдэх голлох ачаа нь төмрийн хүдэр байх боловч мөн тодорхой хэмжээний бусад түүхий эд, бараа бүтээгдэхүүн тээвэрлэгдэх боломжтой. Тодруулбал, 150 сая тонн орчим батлагдсан нөөцтэй Дорноговь аймгийн нутаг дэвсгэр дэх ордуудаас коксжих нүүрсийг жилд 2-4 сая тонныг, 0.3-0.5 сая тонн зэсийн баяжмалыг, мөн БНХАУ-ын Бугат хот руу ОХУ-аас транзитаар тээвэрлэгдэх боломжтой 1-6 сая тонн нефть, 1 сая тонн мод, Ханги боомтоор БНХАУ-д экспортлогдож байгаа 1.5 сая тонн ачаа, УБТЗ-ийн сүлжээгээр дамжин Бугат, Хөх хотын бүс рүү нийлүүлэгдэж байгаа 1 сая орчим тонн ачаа бараа, Бугат-Зүүнбаян чиглэлд тээвэрлэх 1-2 сая тонн барилгын материал, металл хийц, нефтийн бүтээгдэхүүн, машин тоног төхөөрөмж, хүнд машин механизм зэрэг бараа бүтээгдэхүүнийг Зүүнбаян–Ханги чиглэлийн төмөр замаар тээвэрлэх боломжтой юм байна.

Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барих өртгийг Тавантолгой–Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын суурь бүтцийн барилгын өртөгийг жишиг болгон тооцвол ойролцоогоор 1 тэрбум гаруй ам.доллар шаардлагатай аж.
 
Чиглэл Сайншанд - Ханги -Мандал - Бугат Сайншанд - Замын-Үүд - Эрээн - Бугат Зөрүү
Тээвэрлэлтийн зай 590 км 908 км 318 км
Тээвэрлэх ачааны хэмжээ (жилд) 4.5 сая 4.5 сая -
Тээвэрлэлтийн зардал (жилд) 68.4 сая ам.дол 86.6 сая ам.дол 18.1 сая ам.дол
1 тн-д ноогдох тээвэрлэлтийн өртөг 15.20 ам.дол 19.23 ам.дол 4.03 ам.дол
Давуу талууд
  1. Тээврийн зай 318 км-ээр богиносно.
  2. Тээвэрлэлтийн өртөг багасна
  3. Жилд тээвэрлэх ачааны хэмжээ нэмэгдэнэ.
  4. Замын-Үүд боомтын ачаалал багасна.
 
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам баригдсанаар БНХАУ-ын ӨМӨЗО-ны аж үйлдвэрийн төв болох Бугат хот руу нийлүүлэх Монгол Улсын экспортын түүхий эд, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар, бараа эргэлт, төмрийн хүдэр, зэсийн баяжмалын экспортын нэгжээс олох орлого нэмэгдэж, өртөг зардал буурснаар Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулах шинэ чиглэлийн төмөр зам болно хэмээн тооцоолж байна.

Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр замын төслийг танилцуулбал: 

Эрдэнэт-Овоот-Арцсуурь чиглэлийн төмөр зам нь 2016 оны Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын “Эдийн засгийн коридор” байгуулах хөтөлбөрийн хүрээнд барьж байгуулах гурван улсын нутаг дэвсгэрийг дамнасан “Төмөр замын хойд коридор”-т багтсан юм. Уг замын төсөвт өртөг, техник үзүүлэлтүүдийг дурдвал,
  • Төмөр замын урт: 786 км,
  • Барилгын ажлын гүйцэтгэх хугацаа: 4-5 жил,
  • Урьдчилсан тооцоогоор төсөвт өртөг: 2 тэрбум ам.доллар,
  • Нэвтрүүлэх хүчин чадал: 15-47 сая тонн,
  • Төмөр замын царигийн өргөн: 1520 мм байхаар тооцоологдож байна.
Эрдэнэт-Овоот чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор Хөвсгөл, Булган, Орхон аймгийн ашигт малтмалын орд газруудын бүтээгдэхүүнийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, үр өгөөжийг нь дээшлүүлэх, тухайн бүс нутгийн худалдааны тээврийг хөнгөвчилснөөр Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд томоохон түлхэц болно гэж үзэж буй юм. Мөн энэ чиглэлийн төмөр зам нь ирээдүйд ОХУ-ын Кызылийн төмөр замтай холбогдсоноор одоо ашиглагдаж байгаа төмөр замаас даруй 1000 гаруй километрээр дөт болох боломжтой болох аж.
Н.Гантуяа
 
 



Холбоотой мэдээ