Бүх сургууль, цэцэрлэгийн аюулгүй орчныг шалгана гэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-21 20:55:31
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхэд хамгааллын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцлээ.

Хэлэлцүүлгийн эхэнд УИХ-ын гишүүд саяхан 79 дүгээр сургуульд болсон харамсалтай ослыг уг хуулийн төсөлтэй холбон дурдаад, салбар яам ямар арга хэмжээ авахыг лавлав. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа "Харамсалтай осол болж, өнөөдөр тус 79 дүгээр сургуулийн захирлыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн БСШУСЯ болон холбогдох байгууллагуудын төлөөллийг оролцуулан бүх сургууль, цэцэрлэгийн орчны аюулгүй байдлыг хянан шалгах болсон. Осол болсон хойно бус өмнө нь урьтаж сэргийлэх нь зайлшгүй чухал гэдэгтэй санал нэг байна" гэлээ. УИХ-ын дарга М.Энхболд “Дэлхий нийтээр хөлбөмбөгөөр амьсгалж байхад Монголд хөлбөмбөгийн талбай дээр 11 настай хүү харамсалтайгаар амь насаа алдсан явдал сэтгэл эмзэглүүлж байна. Өчигдөр өглөө би ажил дээрээ ирээд УИХ-ын 74 гишүүнийхээ нэрийн өмнөөс болон хувиасаа эмгэнэл илэрхийлж, Т.Гандиг төлөөлөн ар гэрт нь очиж эмгэнэл илэрхийлэхийг хүссэн” гэлээ.
Ингээд хуулийн төсөлтэй холбогдох зарчмын зөрүүтэй саналаар санал хураалгав. Тухайлбал Төрийн албаны шалгуурыг бүрэн хангасан хүнийг Нийслэлийн хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар томилдог байх зэрэг заалт хуульд орж буй аж. 

Үргэлжлүүлэн “Биеийн тамирын спортыг хөгжүүлэх  талаар төрөөс баримтлах бодлого баримтлах тухай” УИХ-ын  2009 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдрийн 95 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүллээ.

Чуулганы хуралдаан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг хэлэлцэх эсэх асуудлаар үргэлжилж байна. 
Н.Туяа
Холбоотой мэдээ