Ө.Энхтүвшин:“Их түмэн санаачилга”-ын орнууд худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрүүдийг байгуулах шаардлагатай

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-06-21 17:04:52
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааны “Их Түмэн санаачилга” хөтөлбөрийн зөвлөлдөх комиссын ээлжит 18 дахь удаагийн хурал Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүдийг танилцуулж, санхүүгийн хамтын ажиллагааг өрнүүлэх сэдвээр Улаанбаатар хотноо чуулж байна.  
Өнөөдөр болсон “Хөгжлийн тэргүүлэх чиглэлийн хөтөлбөрүүд: Санхүүгийн хамтын ажиллагааны санаачилга” сэдэвт дээд хэмжээний хэлэлцүүлгийг нээж Шадар сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ “Гадаад худалдааны сүүлийн 10-аад жилийн статистик мэдээнээс харахад, манай улсын нийт бараа эргэлтийн 70-90 орчим хувийг “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудтай буюу ОХУ, БНХАУ, БНСУ-тай хийсэн худалдаа эзэлж байна. Үүний дотор экспортын 80 гаруй хувийг БНХАУ-тай, импортын 30 орчим хувийг ОХУ-тай хийсэн худалдаа эзэлж байна” гэв.
Тэрээр “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын Монгол Улсад оруулсан хөрөнгө оруулалтыг авч үзвэл, нийт хөрөнгө оруулалтын дөнгөж 30 хувьтай тэнцэж байгааг онцлоод Монгол Улсын Засгийн газар томоохон төслүүдээ хэрэгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд “Тавантолгой” төслийг эргэлтэд оруулах бэлтгэл ажлыг хангаж буйг дуулгав. Мөн “Тавантолгой” төслийг хувийн хэвшилтэй, гадаадын хөрөнгө оруулагчидтай хамтран нээлттэй, ил тод зарчмаар, нүүрс баяжуулах, боловсруулах, цахилгаан станц барих, зам тавих ажлуудыг иж бүрэн цогцолбор байдлаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.


Тэрээр, “Сүүлийн жилүүдэд “Их түмэн санаачилга” хөтөлбөрийн гишүүн орнуудын хүн амын амьжиргааны түвшин хурдацтай дээшилж, 2030 он гэхэд дэлхийн дундаж давхаргын хүн амын 70 хувь нь энэ бүсэд амьдрахаар байна. Тиймээс энэ давхаргын хүн амын хэрэглээний бүтцэд экологийн цэвэр хүнсний бүтээгдэхүүн болон аялал жуулчлал чухал байр суурь эзэлдэг тул генетекийн өөрчлөлт, нэмэлт бордоогүй экологийн цэвэр мах, махан бүтээгдэхүүн, сүүн бүтээгдэхүүн, үр тариа нийлүүлэх боломж Монгол оронд байгааг та бүхэндээ сонордуулья” гэв.
Дэлхий нийт даяаршлагдахын хэрээр хөрөнгө, мэдлэг, ноу-хау түгэж, зах зээл хурдтай тэлж байгаа тул “Их түмэн санаачилга”-ын гишүүн орнууд хоорондоо худалдааны хөнгөлөлтийн хэлэлцээрүүдийг байгуулах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хамтарсан бүтээн байгуулалтуудыг өрнүүлэх шаардлагатай байна. Монгол Улсын Засгийн газрын чөлөөт бүсийн асуудал эрхэлсэн сайдын хувьд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, БНХАУ-тай хиллэдэг Замын-Үүдийн боомтод Чөлөөт бүс байгуулах, тэнд экспортын чиглэлийн үйлдвэрүүдийг хөгжүүлэхээр ажиллаж байгаагаа үгийнхээ төгсгөлд хэлж, энэ ажилд гадаадын хөрөнгө оруулагчдыг татан оролцуулахыг хүсэж байгаагаа илэрхийлсэн юм.


Хөтөлбөрийн гишүүн Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ-ын Сангийн болон Худалдаа, эдийн засгийн яамд, “Эксим” банкуудын удирдах албан тушаалтан, орон нутгийн засаг, захиргааны удирдлагууд, судалгааны байгууллагуудын 100 гаруй төлөөлөгч оролцож буй уулзалт дээр Үндэсний хөгжлийн газрын Хөрөнгө оруулалтын нэгдсэн бодлогын хэлтсийн дарга Л.Мөнбат Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлж буй Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд 2018-2021 онд хэрэгжихээр батлагдсан 16.1 тэрбум ам.долларын нийт 115 төслийн хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг танилцуулснаас энд нийгэм, байгалийн салбарт 794 сая ам.долларын нийт 22, засаглалын хүрээнд 553 сая ам.долларын 16, олон тулгуурт эдийн засгийн салбарт 14.8 сая ам.долларын 77 төсөл хэрэгжихээр төлөвлөгджээ. Харин улсын хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг задалвал эрчим хүчний салбарт 3.2 тэрбум ам.долларын 15, эрүүл мэндийн салбарт 170.6 сая ам.долларын 5, уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт 3.5 тэрбум ам.долларын 9, барилга, хот байгуулалын салбарт 1.3 тэрбум ам.долларын 15, зам, тээврийн салбарт 5.5 тэрбум ам.долларын 20, нийслэлд 716.7 сая ам.долларын 10 төсөл хэрэгжүүлэх юм. Дээрх төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж "Их түмэн санаачилга"-ын хүрээнд Монгол Улс хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхэд санхүүгийн хамтын ажиллагаа чухал байгааг хуралд оролцож буй Монгол Улсын Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал Г.Батбаяр онцолсон юм. 
Тодруулга: “Их түмэн санаачилга” (ИТС) буюу GTI нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр 1995 онд байгуулагдсан Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны механизм бөгөөд Монгол Улс, БНХАУ, БНСУ, ОХУ зэрэг орны эдийн засгийн засгийн хамтын ажиллагааны суурь болж Зүүн хойд Азийн бүс нутгийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж буй хөтөлбөр юм.
 
Б.Болд
 
Холбоотой мэдээ