“Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК ажилчдаа цалингийнх нь таван хувиар урамшууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-21 13:24:03
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК энэ сард бүх ажилчдынхаа цалинг таван хувиар, 16 ажилтан тус бүрийг 100 мянган төгрөгөөр урамшууллаа. Үүнийг Орхон аймаг “2017 оны Улсын шилдэг аймаг” болсонтой холбогдуулан зохион байгуулж байгаа ажээ.  
Аймгийн Засаг даргын захирамжаар “Улсын шилдэг аймаг”-ийн цом, Орхон аймгийн далбааг төрийн бүх байгууллагаар аялуулж шилдэг аймаг болоход нөлөөлсөн хүчин зүйл, 2017 онд орон нутагт хийсэн ажил зэргийг танилцуулж байгаа юм.
Шилдэг аймгийн цом, далбаа энэ удаа “Эрдэнэт Дулааны Цахилгаан Станц” ТӨХК-т ирж буйтай холбогдуулан тус байгууллагын удирдлагууд дээрх шийдвэрийг гаргажээ.  Мөн тус хамт олон 2017 онд эрчим хүчний салбартаа тэргүүлж, үнсэн сангаа суллах ажлыг эхлүүлж, БНХАУ-ын хөрөнгө оруулалтаар техникийн шинэчлэл хийж, Үйлдвэрчний эвлэлийн хороотойгоо хийсэн “Хамтын гэрээ”–ний хүрээнд 2017 онд ажилчдынхаа цалинг 10 хувиар нэмсэн байна.  
“Шилдэг аймаг”-ийн цом, Орхон аймгийн далбаа 32 дахь байгууллагадаа ийнхүү ирлээ.  
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ