Мал аж ахуйн чиглэлийн хоёр хуулийг сурталчлах ажил өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-21 13:14:57
Өмнөговь /МОНЦАМЭ/  Малын генетик нөөцийн тухай хууль, Мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг сурталчилан хэрэгжүүлэх зорилгоор Өмнөговь аймагт бүсчилсэн сургалт зохион байгуулж байна. 
Эдийн засгийн томоохон хөшүүрэг болдог мал сүргээ эрүүлжүүлж, ашиг шимийг нь сайжруулах зорилгоор дээрх хоёр хуулийг 2018 оны 06 сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ. Өмнөговь аймгийн хувьд  мал сүргээ эрүүлжүүлэх, ашиг шимийг нь сайжруулах, малчид иргэдээ дэмжин хамтарч ажиллахад анхаарч байгаа бөгөөд ийнхүү мал аж ахуйн чиглэлийн хуулиудаа иргэддээ сурталчилж байна.  Зүүн, баруун, төвийн бүсэд хуваарилан сургалтыг зохион байгуулж төвийн бүсийн сургалтыг аймгийн төв Даланзадгадад зохион байгууллаа. Энэ үеэр ХХААХҮЯ-ны холбогдох албаны хүмүүс мал эмнэлгийн үйлчилгээг төлөвлөх, эрчимжүүлэх, малын генетик нөөцийн тухай хуулийг хэрэгжүүлэх, мал амьтны эрүүл мэндийн тухай хуулийг хэрхэн сайн хэрэгжүүлэх тал дээр 15 сумын удирдлага, холбогдох албаны хүмүүс хэлэлцлээ. 
Улсын хэмжээнд бүх сумын засаг дарга, сумын мал эмнэлэг үржлийн тасгийн мэргэжилтнүүд, хувийн мал эмнэлэгийн үржлийн мэргэжилтнүүд, малчдын төлөөллийг хамруулан тус сургалтыг зохион байгуулж байгаа юм байна. Төвийн бүсийн тус сургалтанд 7 сумын удирлага, малчид, иргэд оролцсон юм. Тус хууль хэрэгжиж эхлэснээр малынхаа эрүүл мэндийн асуудлыг төр өөрөө бүрэн хариуцаж, мал эмнэлэгийн урьдчилан сэргийлэх ажиллагаа, ариутгал, халдваргүйтгэлийн ажил, вакцинжуулалтнын ажлыг улирал тутамд графикийн дагуу технологит хугацаанд хийх хуулийн зохицуулалттай болж байгаа юм байна. Мөн малын генетик нөөцийн хуулийн хүрээнд малын үйлдвэр угсааг нь сайжруулах, ашиг шимийг нь нэмэгдүүлэхэд гол зорилго нь оршиж байгаа аж. Хөдөө орон нутгийн хүмүүс тус хуулийг мэдэх гэсэн ойлгох гэсэн хүлээлттэй байсныг албаны хүмүүс онцлон хэлж байна.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ