Нэгэн гэр бүлийн амьдрах орчин бүрдүүлж өглөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-06-19 08:48:49
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас Даланзадгад сумын 0-16 насны хамгийн олон хүүхэдтэй өрх болох Өвгөөгийн Тунгалагийнд бодит тусламж үзүүллээ. 
2018 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласантай холбоотойгоор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн ажлын албанаас ийнхүү 9 ам бүлтэй нэгэн өрхийн амьдрах орчныг сайжруулж өглөө. Тэдний эрүүл аюулгүй орчинд амар тайван ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэн, хүүхдүүдийн хичээл сургуульдаа амжилттай суралцах боломжийг олгох зорилгоор 536 м2 өмчлөлийн газар, 101 метр хашаа, гүйдэг хаалга, бие засах 00, шүршүүр, угаалгын машин болон өрхийн орлогоо нэмэгдүүлэхэд нь зориулж цэвэр усны шугамд холбон, 4х8 метрийн хэмжээтэй хүлэмжийг тусламжийн журмаар үнэ төлбөргүй гардуулж өгсөн юм. Тус ажлыг хийж гүйцэтгэхэд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч А.Түвшинбаяр, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгч В.Энхсолонго, Ч.Цоодол, Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хилийн 0131 дүгээр анги, “Гүний ус” ХХК, “Түшмэл” ХХК-ийн "Ноён богд" дэлгүүрийн хамт олон аймгийн ИТХ-тай хамтран ажилласан байна.  
Ө.Тунгалагийнх 0-16 насны 7 хүүхэдтэй юм байна. Тэдний хамгийн бага нь 6 сартай, цэцэрлэгт 1 хүүхэд, сургуульд 5 хүүхэд сурдаг аж. Эднийх өөрийн өмчийн газар, хашаа байхгүй айлын хашааны гадна зургаан жил амьдарсан байна. Энэхүү ам бүлийнхэн сар бүрийн хүүхдийн 20 мянган төгрөг, Халамжаас өгдөг хүнсний 64 мянган төгрөгийн талоноор амьдардаг, өөр орлогогүй айл юм.
Д.Мишигсүрэн
Холбоотой мэдээ