Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрөөр нээлттэй хаалганы өдөрлөг болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
boloroo8136@gmail.com
2018-06-18 13:59:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жил бүрийн зургадугаар сарын 17-нд тохиодог Цөлжилттэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан БОАЖЯ, ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэн хамтран нээлттэй хаалганы өдөрлөгийг “Газар бол баялаг, газраа хамгаалахад хөрөнгө оруулъя” уриан дор зохион байгууллаа.

Энэ үеэр дэлхийн уур амьсгалын дулаарал, өөрчлөлтөөс улбаалан манай орны хувьд байгалийн гамшигт үзэгдэл болох ган зудын давтамж ойртох, бэлчээрийн талхагдал, газрын доройтол, хөрсний бохирдол, цөлжилтийн эрчимжилт ихсэж байгааг мэргэжилтнүүд дурдсан юм. Одоогоор манай орны нийт газар нутгийн 76.8 хувь нь тодорхой хэмжээний цөлжилтөд өртсөн. Үүний 20 орчим хувьд нь амьд биет амьдрахад бэрхшээлтэй болсон тул уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, газрын доройтол, цөлжилттэй тэмцэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатайг онцоллоо.
Дэлхийн цөлжилттэй тэмцэхэд төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаанаас гадна иргэн бүрийн оролцоо чухал. Тиймээс хүүхэд, залууст байгаль орчныг дэмжих боловсрол олгох зорилгоор гар зургийн уралдааныг зарласан. Өдөрлөгийн үеэр уралдаанд тэргүүлсэн шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд тэргүүн байрны эздэд шагнал гардуулсан юм.
Өдөрлөгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Д.Нямдаваа, ШУА-ийн Газар зүй геоэкологийн хүрээлэнгийн захирал, доктор Д.Баттогтох тэргүүтэй холбогдох албаны хүмүүс болон иргэд, сурагчдын төлөөлөл оролцлоо гэж БОАЖЯ-наас мэдээлэв.
Холбоотой мэдээ