“Импакт-5” сургалт АНУ-ын Вашингтон хотноо болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-06-18 10:39:05
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ардчилсан нам, “Америк-Азийн хүрээлэн”-тэй хамтран “ИМПАКТ-5” цогц сургалтыг АНУ-ын Вашингтон хотноо ирэх долдугаар сард зохион байгуулах болжээ.

Тус намын дарга, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид “Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн”-гийн урилгаар энэ оны хоёрдугаар сард АНУ-ын Вашингтон хотноо ажлын айлчлах үеэрээ АНУ-ын Конгрессын төлөөлөгчдийн танхимын гишүүд, Конгресс дахь Монголын бүлгийн хамтран даргалагч Дон Яанг, Дина Тайтус, Конгрессын гишүүн, төлөөлөгчдийн танхимын Ардчиллын түншлэлийн дарга Питер Роскам нар болон албаны бусад хүмүүстэй уулзалт хийсэн. Ингэхдээ АНУ-ын Бүгд Найрамдах нам, Монгол Улсын Ардчилсан нам хоорондын холбоо харилцааг өрөгжүүлэх талаар харилцан санал солилцсон бөгөөд Элчин сайд асан Ш.Батцэцэг “Америк-Азийн Хүрээлэн”-гийн Дэд ерөнхийлөгч Рачель Макнит болон гүйцэтгэх захирал Мери Шью нарын урилгаар “Америк-Азийн хүрээлэн”-д ажиллаж, цогц сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болсон байна. Улмаар “ИМПАКТ-5” цогц сургалтыг ирэх сард эхлүүлэхээр бэлтгэж буй аж.
Н.Туяа
Холбоотой мэдээ