Ч.Хэрлэнчимэг мастер УАШТ-нд хөнгөн атлетикийн таван төрлөөр өрсөлдөнө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-06-15 21:31:23

Хэнтий /МОНЦАМЭ/ Хөнгөн атлетикийн спортын мастер, Хэрлэн сумын харъяат ахмад тамирчин Ч.Хэрлэнчимэг УАШТ-нд хөнгөн атлетикийн таван төрлөөр өрсөлдөхөөр бэлтгэл базааж байна.

Өнөөдөр тэрбээр Хэрлэн сумын Засаг дарга бөгөөд Чингис хотын захирагч Ц.Идэрбаттай уулзаж, "Улаанбаатар марафон-2018" тэмцээнд оролцож, гаргасан амжилтаа танилцууллаа. Олон улсын тав дахь удаагийн тус тэмцээнд 55-аас дээш насны эмэгтэйчүүдийн гүйлтийн төрөлд Ч.Хэрлэнчимэг тэргүүн байр эзэлж, Цом, алтан медалийн эзэн болжээ.

Сумын засаг дарга ахмад тамирчиндаа цаашдын тэмцээн уралдаануудад нь амжилт хүсээд, ирэх 21-ний өдөр Архангай аймагт болох УАШТ-нд нь замын зардлын дэмжлэг үзүүлэхээр болсон байна.

Ч.Хэрлэнчимэг нь сүүлийн жилүүдэд улс, бүс, тив дэлхийн тэмцээнүүдэд өндөр амжилт гаргаж байгаа Хэнтийн шилдэг ахмад тамирчин билээ. 

Өнгөрсөн жил гэхэд л Хятад улсын Шанхай хотноо зохион байгуулагдсан Азийн мастеруудын аварга шалгаруулах хөнгөн атлетикийн тэмцээнээс гурван хүрэл медальтай эх орондоо ирсэн юм.

Д.Одонтунгалаг


Холбоотой мэдээ