Академич Д.Төмөртогоо Япон улсын Засгийн газрын “Тууз бүхий Алтан туяа” одон хүртэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2018-06-14 20:21:56
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч Д.Төмөртогоо Япон улсын Засгийн газрын “Мандах нар” одонгийн “Тууз бүхий Алтан туяа” зэрэглэлийн одон хүртлээ.

Шагналыг Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока 2018 оны хаврын Гадаад иргэнд одон олгох хүрээнд өнөөдөр Элчин сайдын өргөөнөө гардуулав.
Энэхүү одонг түүний монгол судлалаар дамжуулан хоёр орны эрдэм шинжилгээний салбарт оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгов. Уг одонгийн үнэмлэхийг батламжлан Японы Эзэн хааны ордноо буй төрийн тамгыг дарсан байдаг аж.
ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Д.Төмөртогтоо нь МУБИС-ийн дэд захирал, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн дарга, ШУА-ийн Хэл-зохиолын хүрээлэнгийн захирал, Токиогийн Гадаад судлалын их сургуулийн Ази, Африкийн хэл, соёл судлалын хүрээлэнгийн зочин профессор, Олон Улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан бөгөөд одоо Олон улсын Монгол судлалын холбооны Хүндэт ерөнхийлөгч, зөвлөхөөр ажиллаж байна. Тэрбээр 1962 онд МУИС-ийг монгол хэл, уран зохиолын багш мэргэжлээр төгссөнөөс хойш сургалт, судалгааны байгууллагад сурган хүмүүжүүлэх, судлан туурвих, удирдан зохион байгуулах ажлыг тасралтгүй 50 гаруй жил үр дүнтэй хийжээ.



Тэрбээр хэлэхдээ, “Миний бие одоогоос 43 жилийн өмнө Японы Токио хотын гадаад судалын их сургуульд багшаар томилогдон ажиллаж байлаа. Тухайн үед социалист, капиталист хоёр ертөнц үзэл суртлын хурц зөрчилтэй, улс орнуудын харилцаа нэн ээдрээтэй байв. Хамгийн наад захын жишээ гэхэд Улаанбаатараас Токио хүрэхийн тулд хаа холын Европт байгаа Москва хотоор дайрч явдаг байлаа. Улаанбаатар, Токиогийн хооронд утсаар харилцах ямар ч боломжгүй, шуудангаар илгээсэн захидал 2-3 сар болж очдог тийм үе байсан. Монгол, Японы өнөөгийн өргөн хүрээтэй найрсаг харилцааг тэр үед төсөөлөхийн ч аргагүй байв. Токиогийн гадаад судлалын сургуульд ажиллаж байхдаа Японы Монгол судлалын ахмад үеийн нэрт эрдэмтэдтэй дотно сайхан танилцаж, олон жилийн турш ном зохиолоо солилцож, найрсаг сайхан харилцаатай явж ирсэн. Мөн надаар хичээл заалгаж байсан оюутнуудаас Х.Курибаяши, Х.Футаки, Т.Наками, Ё.Сайто нарын Монгол судлалын тэргүүлэх том эрдэмтэд төрөн гарсанд би баяртай байдаг юм. Хожим ажлын шугамаар Японд хэд хэдэн удаа очиж байснаас гадна 2009-2010 онд Ази-Африк судлалын хүрээлэнд зочин эрдэмтнээр уригдан ажиллахдаа Японы Монголч эрдэмтэдтэй нягт хамтран ажиллаж байлаа. Япон дахь монгол судлалыг хөгжүүлэх, залуу мэргэжилтэн бэлтгэх үйлсэд оруулсан өчүүхэн зүтгэлийг маань өндрөөр үнэлэн олгосон төрийн дээд шагналыг гүн хүндэтгэлтэй хүлээн авч буйгаа илэрхийлье” гэв.

Шагнал гардуулах ёслолд Японы ЭСЯ-ны төлөөлөл, академич Д.Төмөртогоогийн гэр бүл, үр хүүхэд, ШУА-ийн ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, МУИС-ийн Монгол судлалын хүрээлэнгийн захирал Д.Заяабаатар, ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, доктор С.Чулуун нарын хүндтэй зочид оролцов. 
Дашрамд дурдахад, Япон улсын Засгийн газрын "Мандах нар" одонгийн "Тууз бүхий Алтан туяа" зэрэглэлийн одонг өмнө нь гадаадын 49 иргэн хүртжээ.
Ж.Болор 

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ