Аяны туг, дэвтрийг хүлээн авсан сургуулиуд идэвх санаачилгатай ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-13 22:26:09
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Зорилтот жилийн хүрээнд “Хүүхдийн хөгжил, хамгаалал–Бидний оролцоо” уриан дор  төрийн захиргаа, үйлчилгээний байгууллагуудаар аялж буй туг, дэвтэр боловсролын байгууллагуудад ирээд байна.
Туг, дэвтрийг өнгөрсөн долоо хоногт хүлээн авсан Арвайхээр сумын “Алтан гадас” одонт 1 дүгээр сургуулийн хамт олон энэ хугацаанд хүүхдүүдээ цэвэр, аюулгүй орчинд сурч боловсрох нөхцөлийг бүрдүүлэх, ар гэр, амьдрал ахуйн судалгааг явуулах ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байгаа юм. Мөн 2 дугаар ангийн сурагчдыг амны хөндийн эрүүл ахуйн үзлэгт хамруулж, шүд цоорохоос урьдчилан сэргийлэх зөвлөмжийг өгчээ.
Тэгвэл энэ долоо хоногт туг, дэвтрийг хүлээн авсан Мэргэд лаборатори сургуулиас 1000 гаруй сурагчдынхаа хөгжил, хамгаалал руу чиглэсэн, тэргүүний багш, сурагчдаа урамшуулсан үйл ажиллагааг зохион байгуулж байна. Түүнчлэн “Нээлттэй номын сан” ажиллуулснаар 2000 гаруй сурагч сонирхсон номоо уншжээ.
Галын аюул ослоос урьдчилан сэргийлэх талаар хүүхдүүддээ мэдлэг, мэдээлэл өгч, тэмдэг тэмдэглэгээг сургуулийн орчинд байрлуулсан, ногоон байгууламжаа сайжруулж мод тарьсан зэрэг олон ажлыг туг, дэвтэр аялах хугацаанд хийсэн байна.
Аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас зохион байгуулж буй “Хүүхдийн хөгжил, хамгаалал–Бидний оролцоо” сэдэвт аян нь зорилтот жилийн ажилд байгууллагуудыг татан оролцуулах, хүүхдийн өмнө тулгамдаж буй асуудлыг нэгж бүрт шийдвэрлэх ач холбогдолтой юм.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ