Хүнсний сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг төрөөс дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2015-12-03 17:15:42

"Хүнсний сав баглаа бодлын аюулгүй байдал, тулгамдаж буй асуудал, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй нөлөөлөл, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо. 

Энэхүү хэлэлцүүлгийг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос санаачлан УИХ-ын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо, холбогдох яам, төрийн бус байгууллагатай хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд нээж, "Ус, сүү, айраг зэрэг хүнсний шингэн бүтээгдэхүүнийг хадгалах, тээвэрлэхэд зориулалтын бус хуванцар савыг өргөнөөр ашигладаг. Гэтэл Мэргэжлийн хяналтын байгууллагын шинжилгээгээр хүнсний зориулалтын бус хуванцар саванд хонуулсан усны найрлагыг төвлөрсөн сүлжээний усны үзүүлэлттэй харьцуулахад төмөр 2 дахин, нитрит 11 дахин, аммиак 48 дахин их байгааг тогтоосон. Түүнчлэн хуванцар саванд хонуулсан сүүнд хүнд металл кадьмийн агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс 3-4 дахин, айрганд 4,4 дахин их байдаг аж. Иймд хүнсний зориулалтын сав, боодлын хангамжийг нэмэгдүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг хөгжүүлэх, хүнсний зориулалтын саванд тавигдах аюулгүй байдлын шаардлагын хэм хэмжээг шинэчлэн тогтоож мөрдүүлэх, эрүүл мэндэд хортой хүнсний зориулалтын бус савны хэрэглээг бууруулахад чиглэсэн үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна" гэж онцлов. 
Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа хүнсний аюулгүй сав, баглаа боодлын үйлдвэрлэлийг төрөөс дэмжиж “Хөх сав”-ыг орлох бүтээгдэхүүний үйлдвэрлэл болон импортын бүтээгдэхүүний асуудалд онцгой анхаарч, өндөр хөгжилтэй орнуудын сав баглааны техникийн ерөнхий шаардлага, стандартыг нутагшуулах, ногоон худалдан авалт, ногоон шошгололт, ногоон хөгжил зэргээр ногоон хөгжлийн үзэл баримтлалыг нэвтрүүлэх, хэрэглэгчдийн сонголтод нөлөөлж хуванцар савны хэрэглээг халах зэрэг асуудлаар хэлэлцэж зөвлөмж гаргахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг тэмдэглэн хэллээ.
Хэлэлцүүлэгт холбогдох яам, агентлагуудын төлөөлөл оролцож тодорхой сэдвүүдээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

Н.Туяа

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ