ОХУ–ын БХЯ Сирийн ажиллагааны улмаас хээрийн сургуулилтаа цөөлөхөөр боллоо

Монголын мэдээ | Хууль
erdenechimeg@montsame.mn
2015-12-03 16:50:23

ОХУ –ын Сирид террористуудын эсрэг  явуулж байгаа цэргийн ажиллагааны нэг өдрийн зардал тус улсын Батлан хамгаалах яамнаас зохион явуулдаг цэргийн хээрийн сургуулилтын нэг өдрийн зардлаас хоёр дахин хямд тусч байгаа гэнэ.

Эдгээр нь 2016 оны батлан хамгаалахын  төсөвт багтаж байгаа бөгөөд  харин яамнаас ирэх оны цэргийн сургуулилтуудын тоог багасгахаар болж байгаа тухай “Известия”сонин өнөөдрийн дугаартаа уламжилсан байна.

Эл мэдээг ОХУ-ын БХЯ батлан нотлоод байгаа төдийгүй ирэх жил цэргийн нэлээд хэдэн сургуулилтуудаас татгалзаж, одоогийн хөрөнгө санхүүг Сирийн цэргийн ажиллагаанд хандуулахаар шийдвэрлээд байна хэмээн хэвлэлд өгүүлжээ.

Сонирхуулахад,  ОХУ-ын БХЯ 2013 онд цэргийн сургуулилт 9 удаа, 2014 онд 4 удаа, 2015 онд 10 удаа тус тус явуулжээ.  Үүнд:  Орос-Энэтхэгийн  терроризмын эсрэг “Индра—2015” цэргийн сургуулилт, команд-штабын стратегийн “Центр-2015”сургуулилт, Орос-Беларусын “Щит Союза-2015”, олон улсын “Славянское братство -2015”,  Аюулгүй байдлын хамтын  гэрээний байгууллагын орнуудын шуурхай хүчнийхний “Взаимодействие-2015” сургуулилт болон Орос –Хятадын “Морское взаимодействие -2015” тэнгисийн цэргийн хээрийн сургуулилт, Орос-Монголын “Сэлэнгэ-2015” зэрэг сургуулилтыг дурдаж болно.

Москва хот. А.Огторгуймаа

 

Холбоотой мэдээ