Ази, Номхон далайн 13 орны төлөөлөгчид хүн амын насжилт, төрөлтийн асуудлаар зөвлөлдөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-11 14:52:30
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ази, Номхон далайн бүсийн орнуудын парламентчид болон олон улсын хүн ам зүйн бодлогын мэргэжилтнүүдийн чуулга уулзалт маргааш буюу энэ сарын 12-нд Төрийн ордонд болно. Уг чуулга уулзалтын зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийв.
 
Уг чуулга уулзалт “Тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэхэд Парламентын гишүүдийн чадавхийг бэхжүүлэх: Насжилт, төрөлт ба залуучуудыг эрх мэдэлжүүлэх нь” сэдвийн хүрээнд болох бөгөөд Япон, БНХАУ, Малайз, Тайланд, Индонез, Филиппин зэрэг 13 орны 30 гаруй зочин төлөөлөгч оролцох юм.
 
Чуулганаар  Дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтын Эрүүл мэнд, сайн сайхан амьдралыг дэмжих тухай, Жендерийн эрх, тэгш байдлыг хангах тухай, Тэгш бус байдлыг арилгах тухай болон Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх тухай зорилтыг хэрэгжүүлэх талаар хэлэлцэх аж.

Азийн Хүн ам, хөгжлийн нийгэмлэгийн ахлах менежер Хитоми Цүнэкава, "Дэлхийн олон орон, бүсүүдэд төрөлтийн тоо эрс буурч, хүн амын насжилт нэмэгдэж байна. Ази, Номхон далайн бүс нутагт хотжилт болон эдийн засгийн өсөлт хурдацтай явагдаж байгаа. Олон орны хэдэн зуун сая хүн ядуурлаас ангижирсан ч жендерийн тэгш бус байдал, ялгаварлан гадуурхах явдал, баян ядуугийн ялгаа хэвээр байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх боломжийн талаар Улаанбаатарт зөвлөлдөх болно гэлээ. 
 
Мөн Тайландын Вант улсын парламентын гишүүн, Хүн  ам хөгжлийн асуудлаарх Азийн парламентчдын форумын Ерөнхий нарийн бичгийн дарга Жетн Сиратранонт, "Тогтвортой хөгжлийн зорилтуудыг батлахаас өмнө дэлхий дахинд Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлж байсан. Аль ч зорилтуудад хүн ам зүйн асуудал чухлаар тавигдаж ирсэн. Хүн ам зүйн хөгжлийг хэд хэдэн зүйлд ангилан үздэг. Тухайлбал, залуучуудад хөрөнгө оруулах, тэдний бэлгийн болон нөхөн үржихүйн асуудал, нийт хүн амын насжилтын асуудал энд багтдаг. Маргааш яг энэ сэдвүүдээр Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дуу хоолойг сонсох болно" гэлээ.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ