Туркийн Ерөнхий сайд Азербайжанд айлчилж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-12-03 14:08:12

БАКУ. /TASS/. Хоёр талын болон бүс нутгийн асуудлыг Туркийн Ерөнхий сайд Ахмет Давутоглу Азербейжаны удирдлагатай Баку хотод өнөөдөр хэлэлцэнэ. Тэрбээр хоёр өдрийн албан ёсны айлчлал хийхээр Азербайжанд хүрэлцэн иржээ.

Дипломат эх сурвалжийн мэдээлснээр, Туркийн Засгийн газрын тэргүүн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай биечлэн уулзаж, хоёр орны төлөөлөгчид бүхий өргөн бүрэлдэхүүнд хэлэлцээ хийнэ. Хэлэлцээ хийснийхээ дараа Алиев, Давутоглу нар хэвлэлийнхэнд зориулж мэдэгдэл гаргах төлөвтэй байна. Туркийн Ерөнхий сайд мөн Азербайжаны Засгийн газрын тэргүүн Артур Раси-задетэй уулзахаар төлөвлөсөн бол хоёр талын барим бичгүүдэд гарын үсэг зурахгүй аж.

Орос, Туркийн харилцаанд үүсээд байгаа түгшүүртэй байдалтай холбоотой асуудлууд хэлэлцээний сэдвүүдийн нэг болж магадгүй гэж шинжээчид таамаглаж байна. Тухайлбал, Давутоглу Оросын авсан арга хэмжээтэй холбогдуулан Туркийн ачааны машины тээврийг Азербайжаны нутгаар дамжин өнгөрүүлэх таатай нөхцөл бүрдүүлэх асуудлыг хөндөхийг ажиглагчид үгүйсгэхгүй байна.

Талууд мөн Уулын Карабахын мөргөлдөөнийг зохицуулахтай холбоотой асуудлыг хэлэлцэж магадгүй.

Д.Жаргал

Холбоотой мэдээ