Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Бүртгэлийн байгууллагын үйл ажиллагааг түргэн, шуурхай хүртээмжтэй болгож цахимжуулах зорилгоор Засгийн газар уг хуулийн төслийг боловсруулжээ. Хуулийн төсөлд улсын бүртгэлийн нэгдсэн тогтолцоо, байгууллагын чиг үүрэг, удирдлагын бүрэн эрх, үйл ажиллагааны хяналт, иргэн, хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн төрлүүд, мэдээллийн сантай холбоотой харилцааг зохицуулах заалтуудыг нарийвчлан тусгасан байна. Мөн иргэний хувийн мэдээллийг цахим иргэний үнэмлэхийн санах ойд тэмдэглэх, уг мэдээллийг хуулийн этгээд, эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хийхэд ашиглах, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагаас үйлчилгээ авах боломжтой байх зэрэг зохицуулалт тусгажээ.
Хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгээс улсын бүртгэлийн ангилал, цахим мэдээллийн сан, иргэдийн мэдээлэл авах хүсэлтийг шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулах, хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхой болгоход чиглэсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёолол бэлтгэсэн байна. Тухайлбал, хуулийн төслийн 1.1 дэх хэсгийг “Энэ хуулийн зорилт нь бүртгэлийн ангиллыг тогтоох, бүртгэлийн үнэн зөв байдлыг хангах, төрийн үйлчилгээг түргэн шуурхай авах нөхцөлийг бүрдүүлэх, түүнчлэн улсын бүртгэлийн үйл ажиллагааны зарчим, төрөл, мэдээллийн нэгдсэн сан, улсын бүртгэлийн байгууллагын тогтолцоо, чиг үүрэг, бүрэн эрх, улсын бүртгэлийг хөтлөхтэй холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино” хэмээн өөрчлөн найруулахаар тогтов. Түүнчлэн төслийн 5, 6, 10 дугаар зүйлийг нэгтгэн “Бүртгэлийн ангилал, бүртгэл хөтлөх” гэсэн 5 дугаар зүйл болгох, “Хяналтын улсын ахлах байцаагч, улсын байцаагч нь эрх зүйч мэргэжилтэй байна” заалт нэмэх зэрэг саналыг гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ.
Мөн байнгын хорооны хуралдаанаар Иргэний улсын бүртгэлийн тухай, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай болон Эд хөрөнгийн улсын бүртэлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байсан ч Ажлын хэсгийн саналын дагуу түр хойшлуулав.

Ч.Ариунболд