Онги-Таац голын сав газрыг хамгаалах ажилд талуудын оролцоог хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-28 13:02:03
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Онги-Таац голын сав газрын талуудын оролцооны зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр Арвайхээр хотод болж байна. Зөвлөлгөөнд БОАЖЯ-аас болон 4 аймгийн 24 сумаас төлөөллүүд оролцож, Сав газрын усны нөөц, ашиглалт, менежментийн төлөвлөгөөний тухайд санал солилцож байгаа юм.
Онги-Таац голын сав газар нь Өвөрхангай аймгийн 11, Баянхонгор аймгийн 2, Өмнөговь аймгийн 7, Дундговь аймгийн 2 сумын нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 64,6 мянган км2 талбайг эзэлдэг аж. 2015 онд БОАЖ-ын сайдын тушаалаар “Онги-Таац голын сав газрын захиргаа” байгуулагдсан бөгөөд сав газрын хэмжээнд усны нөөцийг хомсдол, бохирдлоос хамгаалах, зөв зохистой ашиглах, нөхөн сэргээх чиглэлээр ажиллаж байна.
Гэвч үйл ажиллагаа нь төдийлөн  жигдэрч хэвшээгүй учраас зөвлөлгөөнөөр талуудын оролцооны зөвлөлийг байгуулж, ажиллах журмыг боловсруулах, сав газрын хэмжээнд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө батлах юм.
2018 онд сав газарт хамаарах зарим сумын төвийн хүн амын ундны усны эх үүсвэрт цэнгэгжүүлэх, зөөлрүүлэх төхөөрөмж суурилуулах, хөв цөөрөм байгуулах боломжтой газруудын судалгааг хийх, сумын төвд зөвшөөрөлгүй гаргасан худгуудыг паспортжуулах, бактереологи, химийн шинжилгээнд хамруулах зэргээр олон ажлыг төлөвлөөд байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ