Д.Цэнд:Ажлын байрны 8 хувийн хүүтэй үл хөдлөхийн зээл бий болгочихвол аль, аль талдаа өгөөжтэй

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЯРИЛЦЛАГА
ariunzaya@montsame.mn
2018-05-24 11:45:55
Улаанбаатар/МОНЦАМЭ/. Барилгын салбарт евро стандартын бүтээгдэхүүн нэвтэрч, шинэ технологиор өндөр барилгууд босгож буй ч нүүдэлчдийн дугуй хүрээ маягаар төлөвлөсөн хот тэлж, асуудлууд ундарсан хэвээр... Тэгвэл 600 орчим мянган хүнтэй төлөвлөсөн хотыг залруулах боломж, барилгын салбарт тулгарч буй асуудал, ахиц, дэвшлийн талаар Монголын Барилгын Үндэсний ассоциацийн Удирдах зөвлөлийн гишүүн, “Гэрэгэ” группийн Ерөнхий захирал Д.Цэндтэй ярилцлаа.

- Нийслэлчүүд хөл гишгэх зайгүй шахам барилга барьж хаана л бол хаана хашаа хатгаж уулын энгэр үерийн далангийн хажуу хормойг шуун байшин барьж гэрээ босгосоор удлаа. Хотын төлөвлөгөөг  анх хэрхэн хийж байсан түүхээс яриагаа эхлэх үү?

-1639 оны тэртээ үндэс сууриа тавьсан нийслэл маань одоогийн байрласан газартаа суурьшихаас өмнө хэд, хэдэн удаа нутаг сэлгэсэн түүхтэй. Хүрээгээ тэлсээр одоо хүн, машинаа багтаахгүй шахам болтлоо өргөжөөд байна. Анхны төлөвлөгөөг 1954 онд Москва хотын “Гипрогор” институтэд боловсруулсан гэдэг. Тухайн үед Сүхбаатарын талбайгаас 10 метрийн цаана л гэр хороололтой байсан гэж бодохоор нийслэл маань үнэхээр “эсгий хот” байж. Анхны ерөнхий төлөвлөгөөг 20 жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр тооцож хотын төв хэсэг бага тойруу, их тойруугийн зарим хэсэг баригдсан юм билээ. Гэтэл тухайн үед тооцоолж байсан хүн амын тоо хэд дахин өсч хоёр дахь ерөнхий төлөвлөгөөг хийх шаардлага гарч ирсэн байдаг.

Ингээд 1961 онд эхний төлөвлөлтийнхөө алдааг залруулахаар “Гипрогор” институтэд дахин хандаж, Туул голын дагуу 399 га талбайг барилгажуулсан байна. Мөн энэ төлөвлөгөөний ачаар 19 дүгээр хороолол босч,  нэмэлт төлөвлөлтийн дагуу гурван хорооллын үйлчилгээ олон нийтийн барилга байгууламж гээд иж бүрэн цогцолбор байгуулагдсан түүхтэй.

1975 онд хүн амын тоо 349 мянгад хүрсэн нь гурав дахь ерөнхий төлөвлөгөөг боловсруулах хэрэг гарсан гэдэг.  Орос ах нар нүүдэлчин Монголчуудын ихэнхийг нийслэлдээ төвлөрнө гэж тооцоолоогүйгээс дахин төлөвлөх шаардлага гарчээ. Ингээд гурав дахь ерөнхий төлөвлөгөөг 1975 онд өнөөх “Гипрогор” институтэд боловсруулж батлуулсан байдаг. Тэр үед өмнөх төлөвлөлтийг шинэчлэх, алдааг залруулах зорилго мэдээж байсан биз. Тухайн үед хүн амын тооцоог 2000 он гэхэд 400 мянга байхаар тооцжээ. Гэтэл бодит амьдрал дээр нийслэлийн хүн ам дээрх тооцооноос 2,5 дахин өссөн байгаа юм. Гурав дахь төлөвлөгөө нь хотыг гурван том дүүрэг орон сууцны 21 хороололд хувааж. Энэ үед гуравдугаар цахилгаан станцыг барьснаар олон арван орон сууц, соёл, ахуйн үйлчилгээний барилгууд нэмэгджээ. Гэвч Туул голын дагуу хүнд аж үйлдвэрийн районыг төлөвлөж салхины дээд талд гэр хороолол байршуулсан нь гурав дахь төлөвлөлтийн залруулшгүй алдаа болсныг ахмад үеийнхэн ярьдаг. Энэ төлөвлөгөөгөөр бол хөдөө орон нутгаас шилжин ирэгсдийн урсгалыг сарниулахын тулд ойролцоох хотуудыг хөгжүүлэх нь чухал гэж үзсэн боловч хоёр жилийн дотор 100 мянган хүн нийслэлд шилжин ирсэн нь гурав дахь төлөвлөлтийг цагаас нь өмнө халах шалтгаан болсон юм. 1986 онд хүн ам 500 мянгад хүрч “Гипрогор” болон “Пи-3” инстиутэд дөрөв дэх ерөнхий төлөвлөгөөг хийлгэхээр захиалжээ. Эл төлөвлөгөөг 2010 он хүртэл хэрэгжүүлэхээр тооцсон байдаг. Дөрөв дэх төлөвлөлтийн гол зорилго нь Улаанбаатар хотын хүн амын бөөгнөрөлийг сааруулж хот орчмын суурин газруудад шилжүүлэн бүлэг суурьшлын системээр хөгжүүлэх асуудалд төвлөрсөн юм билээ. Хот руу чиглэсэн хүн амын урсгалыг сааруулах нь тухайн үеийн ерөнхий төлөвлөгөөнүүдийн үндсэн үүрэг байсныг мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч Улаанбаатар хотын дээрх таван төлөвлөгөөнд хүн амын өсөлтийг дандаа дутуу тооцсон нь өнөө цагийн асуудлууд үүсэх гол шалтгаан болсон.

ХӨГЖЛИЙН ГОЛ ТУЛАХ ЦЭГ НЬ БАРИЛГЫН САЛБАР 

-Хот төлөвлөлтийн  алдааг залруулах боломж байна уу?

- Хэт их төвлөрлөөс үүдэн утаа, хөрсний бохирдол, түгжрэл үүсч, улмаар энэ нь хүн амын Үндсэн хуулинд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах  заалтыг зөрчиж байна. Хүн амын их нүүдэл яагаад Улаанбаатарыг чиглэв гэхээр ая тухтай орчин, зах зээлээ бараадсных юм. Энэ бол иргэдийн буруу биш. Төрийн бодлогын алдаа л яваад
байгаа хэрэг. Нөгөөтэйгүүр Оросын инженерүүд гэр хороололгүй зөвхөн байшин хороололтой байхаар 600 мянган хүний дэд бүтэцтэй төлөвлөлт төлөвлөснийх. Гэхдээ бид үүнийг буруу гээд суух биш засч залруулахад хүчээ сэлбэмээр байна. Засгийн газраас хэрэгжүүлэх Гурван тулгуурт хөгжлийн бодлогын хүрээнд эко хот байгуулах, хүн амын нягтралыг сааруулах боломж байна. Налайх, Майдар Сити, Зуун Мод, Хөшигтийн Хөндий, Өлзийт хороолол, Буянт Ухаа, Яармаг  гэсэн  бэлэн дэд бүтэцдээ  тулгуурлан хүн амын орлогод тохирсон орон сууцны эко хороолол бүхий дагуул хот босгох нь хамгийн зөв шийдэл юм. Хий дэмий “ард түмэн” гэж хуурай лоозогнох бус тэдэндээ ээлтэй хот босгох нь чухал. Барилгын салбар бол хөгжлийн гол тулах цэг гэж би боддог. Жишээ нь дагуул хот байгуулахдаа төр хувийн хэвшлийн түншлэл дээр түшиглэн төлөвлөлтөө гаргаад аж ахуйн нэгжүүдээр хийлгэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл тухайн компанид А блокт  дээд зэрэглэлийн орон сууц, үйлчилгээний газрыг барьж байгуул. Харин B, C, D блокт  иргэдийн амьжиргаа, худалдан авах чадварт тохируулан барилга барих эрхийг нь өгчих хэрэгтэй. Магадгүй захын хэсгээр хувийн хаустай хашаандаа ногоо тарих, аж ахуй эрхлэх хүмүүст тохирсон жигд барилгуудыг барьчихвал Улаанбаатарт хүн заавал хоргодоод байхгүй утаагүй, хөрсний бохирдолгүй ажлын байртай амьдрах орчинтой дагуул хот руу нүүж төвлөрөл саарна. Мөн түрээсийн байрны хотхон хүртэл барьчихвал хүн амдаа ээлтэй эко хот босно. Ямар ч  хүн төлбөрийнхөө чадамжаасаа хамааран сонголт хийх боломжийг төр бодлогоор дэмжээд иргэд аж ахуйн нэгжид нь авч чадахгүй байгаа хямд эх үүсгэвэртэй санхүүг олж өгөөд зохицуулчихвал, гүйцэтгэл,  хөрөнгө оруулалт нь  зах зээлийн жамаар явах боломж бий. Ийм нөхцлөөр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагаа өрнөвөл төвлөрлийг сааруулаад зогсохгүй иргэд гадагшаа гарахыг хүсэхгүй зөвхөн Монголдоо амьдрах боломж үүснэ.

-Хот босгоно гэхээр их мөнгө орно гэсэн ойлголт хүн бүрт байдаг. Санхүүжилтээс болоод дагуул хот босохгүй байгаа юм биш үү?

- Асуудал мөнгөндөө биш, нөхцөл байдалдаа  ч биш. Асуудал нь бид өөрсдөө яг нэг  хэвэндээ зогсож, зовлон тоочдогт л байгаа юм. Даяарчлал дор хотын хөгжлийг том цар хүрээгээр бүс нутгаар авч үзэх хэрэгтэй. Бодлого оройтоод төр засгийн шийдвэрт намуудын эрх ашиг нөлөөлөөд байгаагаас үүдэлтэй зөрчлүүд үүсч байна. Яг үнэндээ намууд хотыг төлөвлөөд байгаагаас биш хот төлөвлөгч нарын бодлого тусахгүй байгаа шүү. Тэр шийдвэр нь хөрсөнд буухгүй байгаагаас бид ирээдүйгээ төлөвлөж чадахгүй сууна. Тухайлбал дагуул хот байгуулахын тулд барилга барьж байгаа компаниудад энэ газарт ийм загвар, төлөвлөлт стандартын дагуу хороолол босго гээд эрхийг нь нээгээд өгчих хэрэгтэй. Тэгвэл аж ахуйн нэгжүүд  хөрөнгө оруулалтаа босгоод барилгаа барьж эхэлнэ. Алийн болгон санхүүжилт рүү чихэж нэг цэгтээ бид  зогсох юм бэ. Нэг үеэ бодвол барилгын компаниуд чадавхжиж байгаа. Тиймээс барьж буй барилгад нь хяналтын байгууллагууд хяналтаа хийх хэрэгтэй.



-Ингэхэд та дагуул хотын эдийн засгийн боломжийг хэрхэн харж байна вэ?

-Гадны хотуудын туршлагаас харахад  хүн ам төвлөрсөн газруудад аж үйлдвэрийн паркуудыг  цогцоор нь шийдсэн байдаг. Тэгвэл үүн шиг дагуул хотдоо  эдийн засгийн чөлөөт бүс байгуулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх  гарц  бий.  Тухайлбал хотын ойролцоо Эмээлтээс Бага Хангай зөрлөг хүртэлх төмөр замын, Хөшигтийн Хөндийн шинэ нисэх буудал дагасан агаарын, Улаанбаатар-Хөшигт чиглэлийн хурдны зам буюу авто тээврийн гэсэн дэд бүтцийг бүрдүүлэх замаар хотуудаа холбох бололцоо байна. Солонгос улс бүсчилж буюу холбоо хотуудыг бий болгосноор эдийн засгийн эргэлтийг бий болгосон байдаг. Тухайлбал шинэ нисэх буудал ашиглалтад орохтой зэрэгцэн Улаанбаатар хотыг тэлэх боломж бий. Өөрөөр хэлбэл Яармаг, Буянт-Ухаа орчмыг тэлж  хотын нягтралыг сааруулах, шинэ нисэх буудлын орчмыг аялал жуулчлал,  эдийн засгийн нээлттэй чөлөөт бүс болгон хөгжүүлэх боломж байгаа.

-Эко хот гэсэн үзүүлэлтэд юу багтах вэ?

-Зөвхөн сэргээгдэх эрчим хүчээр ажилладаг авто машин механизмтай, хог хаягдлын менежментийг төгс хөгжүүлсэн, хүний хэрэгцээ, ая тухыг хангасан, агаар, хөрсний бохирдолгүй, бүр нефтийн түүхий эд ашиглахгүй байх хүртэл ойлголт бий. Иргэд спортоор хичээллэх цэцэрлэгт хүрээлэн, дугуйн зам, автомашины зогсоол, хүүхэд хөгшид залуусын зугаалах талбай гээд бүхий л зүйл хүндээ ээлтэй  байхаар төлөвлөх нь чухал. Нөгөөтэйгүүр ус, эрчим хүчний хэмнэлттэй технологиор барилгаа барих хэрэгтэй. Цэвэр усны  мэдрэгч нь хэрэглээний усыг 50 хувиар хэмнэх боломжтой. Мөн барилгын дулаалгын чулуун хөвөн технологи шинэ шийдлүүдийг нэвтрүүлснээр  эдийн засагт хэмнэлт авчирна. Үүнийг л эко хотын үзүүлэлтүүд гэнэ.

ГЭНЭТ ОРЖ ИРЭЭД  ҮЙМҮҮЛДЭГ ХЭДЭН НӨХДИЙГ ЭС ТООЦВОЛ БАРИЛГА
УЛС ТӨРЖДӨГ САЛБАР БИШ

-Өнөөгийн Улаанбаатарын барилгын чиг хандлага дэлхийн ямар түвшинд байгаа вэ?

- Барилга бүтээн байгуулалтын салбарыг түүчээлсэн 90 гаруй жилийн түүх дандаа дардан байгаагүй. Сүүлийн 15 жилд барилгын салбарынхан инноваци, шинэ техник технологийг нэвтрүүлж салбартаа ахиц гаргаж байна. Гэхдээ бид  дэлхийн барилгын салбарын  араас л явж байна. Өндөр зэрэглэлийн технологи гаргахад  хол байна.  Тухайлбал 1928  онд АНУ 89 давхар барилга барьсан шүү дээ.  Эндээс үзэхэд биднээс даруй 100 жилээр  түрүүлжээ. Солонгос улс л гэхэд 1970-аад онд Улаанбаатар шиг байсан гэж ярьдаг. Хамгийн багадаа 50 жил гээд бодохоор 2-4 үеийн  хоцрогдол бий.

-Барилгын салбарт шинэ ноу хау хэр нэвтэрч байна. Гэхдээ Монгол Улсын барилгын материалын дийлэнх нь гадных байгаа. Хэзээ бид дотоодоо 100 хувийн  үйлдвэрлэлтэй болох бол?

-Монголын барилгын материалын салбар дэлхийд дээгүүрт багтах түүхий эдийг агуулсан баялагтай орон гэдгээрээ Монгол Улс  бахархалтай. Энэ зуунд монголчууд барилгын үйлдвэрлэлийн кластрын хангах системийг хөгжүүлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл технологийн шинэ шийдэл бүхий  чанартай барилгын материалыг хямд үнээр зах зээлд нийлүүлэх жишиг рүү явах ёстой. Чулуун хөвөн материал үйлдвэрлэлийг эрхэлж буй  “Монгол Базальт” компани л гэхэд  дулаалгын материал үйлдвэрлэлийн шинэ бүтээгдэхүүнийг зах зээлд гаргаад ирлээ. Яагаад үүнийг Монголын номер нэг бүтээгдэхүүн болгоод дэлхийн барилгын салбарт нийлүүлж болохгүй гэж. Өнөөдөр Дэлхийн төмрийн хэрэгцээ Хятад улсаас эхлээд маш олон оронд эрэлттэй байна. Энэ том хэрэглээг  хангах бааз нь манай улсад бий. Төмрийн хүдрийг боловсруулж армутур, гулдмай болгон нэмүү өртөг шингээн экспортлох боломжтой. Блок, цементийн үйлдвэрийг төр бодлогоор дэмжсэнээр хангалттай хөгжчихлөө. Үүн шиг будаг эмульс, замаск, обой гээд жижиг нэр төрлийн барилгын заслын материалыг монголд үйлдвэрлэх боломж бий болгох ёстой. Гэхдээ Монголд үйлдвэрлээд зөвхөн эх орны хэрэгцээг хангана гэдэг бол сайн хөгжил биш. Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн орчин үеийн хэрэглээ, нийгмийн сэтгэлгээнд таарсан эко шошготой байхаас эхлээд бүтээгдэхүүнээ чанаржуулах ёстой. Цаашлаад олон улсад экспортолдог жишиг рүү явах нь зүйтэй. Үйлдвэрлэлээ дагаж хөгжсөнөөр хүн амын урсгал нэмэгдэж эдийн засгийн бүс бий болно.

-Манай барилгын компаниуд цогц үйлчилгээ үзүүлэхийг зорьж байгаа. Харин гадныхан ханган нийлүүлэгчид нь гүйцэтгэл рүү орж ирдэг?

-Яг үнэн манайд  бүх ажлаа хийдэг констракшнууд хөгжөөд байна. Хөрөнгө оруулалт  санхүүжилт, барилга угсралт бүгд салах ёстой. Угсралтын компаниуд эрчимтэй хөгжиж байгаа ч гэсэн хөрөнгө оруулагч, хөгжүүлэгч констракшны ажлыг хослуулан хийж байгаа. Ханган нийлүүлэгч хөгжүүлэгч, угсралт салангид байснаар үйл ажиллагаа  хяналт сайжирч, эцсийн хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн  очих гол хөшүүрэг болно. Архитекторч хүн архитектураа, сантехникч  сангийн ажлаа, өрлөгчин нь өрлөг, шавраа хийгээд явах учиртай. Компани нь  угсралтаа хийгээд, санхүүгийнхэн санхүүгээ, материал судлагч нь материалаа сонгоод, хөрөнгө оруулагч хяналтаа хийгээд мэргэжлийн ялгарлыг бий болгочихвол  системийн хэмжээнд зөв тогтолцоо бүрдэх юм.

Ийм системийг бий болгохын тулд хувийн компани нь дангаараа биш, үүнийг  төр бодлогоор чиглүүлэх  ёстой.Төр хувийн хэвшлийн түншлэлээр ТББ-уудад зарим чиг үүргийг шилжүүлж системийг бий болгомоор байна. Өөрөөр хэлбэл тусгай зөвшөөрлөөс эхлээд  сууриас нь системчлэх шаардлагатай гэсэн үг. Барилгын компани заавал сангийн бригадтай байх биш, сантехник нь тусдаа байг л дээ. Угсралтын компаниуд ханган нийлүүлэгчид ажлаа өгөөд хамтраад явах боломж байна. Дагнан мэргэшсэнээр барилгынхан амжилтад хүрнэ гэж боддог.

-Барилгын салбарын хувьд гаднаас ажиллах хүчин их авдаг.  Дотоодын ажиллах нөөц бололцоо байхад тэднийгээ сургаад ажиллаж болдоггүй юм уу. Нөгөө талдаа монголчууд залхуу, ажил хаяад алга болдог гэх хоёр талын байр суурь явсаар олон жилийг үдлээ. Энэ тухайд?

-Ажиллагсад цалин мөнгөө голдог, ажил олгогчид нь хурд, чанар шаарддаг гээд хоёр талын асуудал бий. Дахиад л мэргэших гэдгийг ярих гээд байна. Тэр олон дээд сургууль төгсөж байгаа хүүхдүүдийг ажлын талбарт гараад сайхан амьдарч болно гэсэн итгэл найдвар, боломжийг бүрдүүлэх ёстой. Магадгүй сайн гагнуурчин дээд сургууль төгссөн нөхрөөс 2-3 дахин их цалин авбал хэн ч гагнуурчин болохыг эрмэлзэнэ шүү дээ. Энэ хөшүүргийг бий болгомоор байна. Гадны ажиллах хүчин сайн гэдэгтэй би 100 хувь санал нийлдэггүй. Сан, цахилгаан, ариутгах татуургын ажлыг гадны хүмүүсээр хийлгэх буруу юм. Яагаад гэхээр Монгол хүн байгаль цаг уураа мэддэг учраас дээрх ажлыг гадныхнаас илүү хийдэг. Солонгос, хятад гээд  халуун орныхон барилгын ханыг  нүхтэй орхичихдог. Монгол хүйтэн орон гээд тэр нүхнүүдийг нь бөглүүлэх жишээтэй. Цахилгааны монтаж, сантехник зэрэг уян бүтцийг гадны ажилчдаар хийлгэж болохгүй гэж хувьдаа боддог. Харин гадны ажилчдаар цутгалт, барилгын үндсэн араг яс бүтээх зэрэг өрлөг шаврын ажлыг хийлгэж болно.

  МАНАЙД БИЗНЕС ЭРХЛЭГЧИД  НЬ БАЯН  БУС УЛС ТӨРЧИД Л БАЯН

-Монголд өнөөдөр улс төржихгүй салбар алга. Барилгын салбар хэр улс төржиж байна?

Барилгачид  ер нь их  дуугүй хүмүүс. Нэлээн асуудал үүсээд байхад дуугүй л яваад байдаг. Барилгын салбар өнөөдөр хийгээд маргааш дуусдаг ажил биш.  Засаг төрийн олон нүүр үзэж гаргасан шийдвэрүүдийг нь барилгачид дагаад явж байгаа. Гэнэт орж ирээд салбар үймүүлээд би барилгачин гэдэг түр зуур салбарт орж ирээд гардаг хэдэн нөхдийг эс тооцвол барилга улс төрждөг салбар биш.



-Зах зээлд борлогдоогүй маш олон шинэ байр байна. Үүнийг эргэлтэнд оруулахын тулд ямар бодлого барих ёстой гэж та бодож байна?

-Барилгын салбарыг хот төлөвлөлтөөс салгаж болохгүй. Мөн байнга инноваци хийж чанар ярьж байх ёстой. Борлогдоогүй байрны цаана зах зээлээ мэдрээгүй асуудал байгаа. Тодруулбал худалдан авах чадварын судалгаагүй, “харанхуй” барилга барьсны  уршиг өнөөдөр гарч байна. Хэрэв хэрэглэгчдийн судалгаанд үндэслэсэн бол ийм зүйлтэй бид нүүр тулахгүй байсан. Нийслэлд том метр квадраттай байр борлогдохгүй байгаагийн бас нэг  асуудал нь гайгүй зүйл хийчихээр бүгдээрээ хошуурдагтай холбоотой. Энэ нь жижиг зах зээлийн зовлон бөгөөд даган дуурайх нийгмийн давалгаа нь нэгнийхээ бизнесийг үгүй хийж байна. Гэхдээ үүнийг шүүмжлэх бус засах ёстой. Монгол хүний хийсэн бүтээн байгуулалт учраас нэг салбарын асуудал болгоод хаях биш төрөөс бодлогоор дэмжих хэрэгтэй. Төр засгаас юу хүсч байна вэ гэхээр энэ их блок болгож түгжрэлд орсон том метр квадрат орон сууцуудыг ажлын байрны моргейж хэлбэрээр борлуулахад нь дэмжлэг үзүүлмээр байна. Энэ нь иргэд, барилгын компани хөрөнгө оруулагч гурвууланд нь ашигтай хувилбар. Тухайлбал дээл оёдог хүн подвалд агааргүй орчинд ажиллах бус тэр борлогдохгүй байгаа том метр квадраттай байр авах боломжийг бүрдүүлэх ёстой. Төр засгийн удирдлагууд хувиараа бизнес эрхлэгчдийг 20 гаруй хувийн өндөр зээлээр ажлын байртай болох гэж зүтгэж буйг мэдэж байгаа болов  уу. Энэ бол жижиг бизнес эрхлэгчдэд маш их дарамт болж байгаа. Тэгэхээр борлогдохгүй байгаа 200 метр квадрат орон сууцанд тэр дээл оёдог оёдолчныг оруулчих л ёстой.  Өөрөөр хэлбэл төрөөс ажлын байрны 8 хувийн хүүтэй үл хөдлөхийн зээлийг бий болгочихвол аль, аль талдаа өгөөж ирнэ.

-Барилгынхан хамгийн хямд үнэтэй барилгын материал ашиглаж байна хэмээн иргэд гомдоллодог. Үүнээс үүдэлтэй барилгын салбарынхан “Чанаргүй барилга” гэсэн мөнхийн нэр зүүсэн. Энэ нэрнээс салахын тулд барилгынхан чамбай ажилламаар юм шиг санагддаг?

-Хямд үнэ, чанартай материал хоёрын зөрчил явж байгаа. Уг нь материал судлалын инженер гэж мэргэжилтэн бий. Энэ мэргэжилтэнг сайн хөгжүүлэх шаардлагатай. Ерөөсөө хямд үнийн бодлого л  ийм байдалд хүргэж муу нэр зүүгээд байгаа хэрэг. Үүнийг цэгцлэхийн тулд дотоод болон хөндлөнгийн хяналтыг сайжруулах ёстой. Дур мэдээд 2.5 метртэй хийх юмыг 2-оор хийдэг. Таван төгрөгийн илүүг харах сэтгэлгээ, ухамсарын ядуурал нь “чанаргүй барилга” гэсэн цэгт аваачиж байгаа. Гэхдээ “Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийнх доргино” гэдэг шиг бүхэл бүтэн барилгын салбарыг ганц хоёр асуудал, хариуцлагагүй  нөхдөөс болж нийтэд нь дарангуйлж болохгүй. Нөгөө талдаа барилгачид хятадын аргаа ядсан хамгийн хямд материалаар бүтээн байгуулалт хийж, өнөөдрийн таван төгрөгөө бодож  болохгүй. Энэ бол шударга бус өрсөлдөөний нэг хэлбэр. НДШ-ээ төлөөд явж байгаа үндэсний компаниуд  байхад ямар ч татвар  төлдөггүй хэсэг нөхөд халтуур хийх жишээтэй. Үүний ялгааг хүмүүс олж харж, мэргэжлийн түвшинд чанарын шаардлага хангасан зүйл рүү явах ёстой.

-Шударга өрсөлдөөн яах аргагүй бүх салбарт үгүйлэгдэж байгаа?

- Оросуудын авч явсан трестүүд татан буугдсанаас хойш, барилгын салбар үндсэндээ ТҮЦ-ийн хэлбэрээр буюу иргэн рүү шилжсэн. Нийгэмд үүссэн энэ гажуудлыг төр нь бодлогоор хамгаалж чадаагүйгээс завхрал үүсээд байна.Түүнээс биш 100 айлын “бид чадна” гэсэн нөхдүүд барилгын салбарыг төлөөлөхгүй. Өнөөдөр бүх салбар брэнд хөгжүүлэлт рүү явж байна. Жишээ нь, MCS сайн байшин барьж байна  уу, асуудал гарч байна уу гээд та бод. 25 жилийн түүхтэй “Жигүүр гранд”, “Номин” дээр асуудал гарахгүй байгаа биз дээ. Тэгэхээр брэнд хөгжүүлэгч ийм компаниудаас  бүтээн байгуулагчид суралцах ёстой. Олон улсын стандартыг нэвтрүүлдэг, дүгнэлтээ нэгж дээрээ гаргадаг, харилцагчаа хүндэтгэдэг ийм компаниудыг хөгжүүлж гаргаж ирэхгүйгээр бид цааш явахгүй.

-Ингэхэд бодлогын залгамж чанар барилгын салбарт хэр байна вэ. Сүүлийн үед залгамж чанар аль ч салбарт алдагдлаа гэх шүүмжлэл өрнөх болж?

-Аль ч нам гарч ирсэн бодлогын залгамж халаа гэж байхгүй болсон. Би үүнийг улс төртэй холбоотой гэж ойлгодог. Өөрөөр хэлбэл ард түмэнд таалагдахын тулд өмнөхөө үгүйсгээд явдаг. Уг нь хийж бүтээж байгаагаа эсрэгээрээ дэмжиж үргэлжлүүлэх нь ард түмэнд үнэлэгдэнэ. Бүр болохгүй байгааг нь сайжруулаад урт хугацаанд авч явбал улс орон төвөггүй хөгжинө. Өнөөдөр барилга гэлтгүй бүх салбарууд тогтвортой байдлыг чухалчилж байгаа. Бизнес хийсэн хүмүүс  баян  бус улс төрчид нь л баян яваад байна. Энэ бол  буруу бодлоготой улс орны илрэл.

ЭРХ БАРЬЖ БУЙ ХҮМҮҮСИЙН ШИЙДВЭР ХӨРСӨНД БУУХДАА  ХАТУУ БАЙНА

-Манай архитекторууд хоцроод байна уу даа гэсэн бодол төрдөг. Барилгын салбарын төлөөллийн хувьд үүнд ямар хариулт өгөх вэ?

-Барилгачид, хот төлөвлөгч нар тус тусдаа яваад байна. Хотын архитектур бол улс орны нүүр царай. Үүнийг тодорхойлогчид нь хот төлөвлөлтийн архитекторчид юм. Гадны орнуудын Архитектуруудын холбоо нь тэргүүн эгнээнд явдаг. Хот төлөвлөлтийн Архитектор ерөнхий төлөвлөгөөгөө баталсан л бол  үүнийг барилгын салбарынхан үг дуугүй дагах зарчим улс орнуудад үйлчилдэг. Гэтэл манайд ганц газар олчихоод  тэрийгээ байшин барилгаар дүүргэх гээд хотын үзэмж төлөвлөлтийг тоохгүй муу жишиг бий.

-Төр хувийн хэвшлийн түншлэлийг түлхүү хөгжүүлэх шаардлагатай гэдэг. Гэхдээ энэ хувилбарыг хөгжүүлэхээр явсан ч аль, аль талдаа сэтгэл хангалуун бус үлдэх шиг санагдсан. Концессын гэрээгээр барилга бүтээн байгуулалтын ажлууд өрнүүлээд одоо болтол хувийн хэвшлийнхэн мөнгөө олж аваагүй гэсэн гомдлууд бий. Концессыг төгөлдөржүүлэхийн тулд талууд юуг анхаарах ёстой вэ?

-Компаниудын гүйцэтгэлд төр, хувийн хэвшлийнхний хувьд хөрөнгө мөнгөөрөө хохирсон тохиолдол байдаг. Хоёр талдаа сэтгэл хангалуун үлдсэн тохиолдлууд бий. Гол нь төр хувийн хэвшлийн түншлэлийг ойрын дунд, хэтийн зорилготой нь уяад явсан бол илүү үр дүнд хүрнэ. Концессоор явж буй дахин төлөвлөлтийн төслүүдийг буруутгах биш эхэлснийг нь хурдтай дуусгах хэрэгтэй. Харин дараагийн шатанд одоогийн хотоос баримталж буй хашаандаа хөгжих бодлогыг хэрэгжүүлэхдээ хөрсний бохирдол гаргахгүйг анхааруулж, цэвэр бохирыг нь өгөх замаар хөгжүүлмээр санагддаг. Аль алийг нь хослуулаад явах ёстой. Хүн амаа даахаа больсон хот  утаа, хөрсний бохирдлоо  хязгаарлахыг зорьж байгаа. Үүнээс бусдыг нь  зах зээл л зохицуулж байна шүү дээ.

-Ярилцаад байвал бидний яриа дуусахгүй  нь ээ. Тэгэхээр энэ хүрээд өндөрлөе. Та барилгын салбарын нэг эд эс нь. Салбарынхныгаа төлөөлж юу хэлэх вэ?

-Монгол хүний худалдан авах чадвар алдагдаж, үнэлэмж доошилж байна. Зохион байгуулалт суларч, бизнес хийх бололцоог хааж байна гээд яривал их зүйл хэлэх байх. Мэргэжилтнүүдийн үгийг сонсохгүй явснаар эрх барьж буй хүмүүсийн шийдвэр хөрсөнд буухдаа  хатуу байна. Тиймээс салбарынхныг тэр дундаа мэргэжилтнүүдээ сонсдог байгаасай гэж хүсч байна.  Нэг, нэгийгээ нөхөх тогтолцоог бий болгож, хот байгуулалтаа бодлогоор дэмжих нь зүйтэй гэсэн санаачилгыг өнгөрсөн гуравдугаар сард болсон Эдийн засгийн форумаар салбарынхан онцолсон. Тус форумаар “Хүчээ нэгтгэе” гэсэн уриаг ажил хэрэг болгох нь зүйтэй. Манайхан нэгдэж чадахгүй байгаа учраас л хөгжилд цойлохгүй байна.Тиймээс төрийн гурван өндөрлөг зорилгоо тодорхойлоод хүчээ нэгтгэчихвэл  монголын ард түмэн гацаанаас гарч нэгдсэнээр хөгжлийг түүчээлнэ.
Б.Заяа
 Гэрэл зургийг Б.Чадраабал



Холбоотой мэдээ