Малтай иргэдийг төвөөс гаргах саналыг 100 хувь дэмжжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-22 15:16:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Эрүүл мал-эрсдэлгүй бүтээгдэхүүн” аяныг 5 дугаар сарын турш зохион байгуулж байна.
Энэ хүрээнд Арвайхээр сумын ЗДТГ-тай хамтран малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа эрхэлдэг ченжүүд болон мал бүхий иргэдийг хамруулсан хэлэлцүүлгийг зохион байгуулжээ.
Хэлэлцүүлгээр мал бүхий иргэд, малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний худалдаа эрхлэгчдийг Арвайхээр хотын төвөөс гаргах, малчдын хороололтой болох талаар санал сэтгэгдлээ хуваалцсан ба оролцогчид 100 хувийн саналаар дэмжсэн байна.
Учир нь өнгөрсөн 3 сард Арвайхээрт гарсан малын гоц халдварт шүлхий өвчний улмаас аймгийн төвийн хэмжээнд хөл хорио тогтоосон нь ард иргэдэд хүндээр туссан юм. Цаашид ийм нөхцөл байдалд орохгүйн тулд малтай иргэдийг төв сууринаас гаргах бодлого барьж байгаа аж.
Харин малчны хорооллыг цахилгаан эрчим хүч, худаг усаар хангах ажлыг сум, орон нутгийн захиргаанаас бүрэн шийдвэрлэж өгөхөөр тохирчээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ