Улсын бүртгэлийн багц хуулийн төслийн ажлын хэсэг хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-21 08:48:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий УИХ-ын таван ажлын хэсэг өнөөдөр хуралдана.

Тухайлбал, 10.00 цагт Улсын бүртгэлийн багц хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсэг хуралдахаар товлосон байна. Үдээс хойш буюу 14.00 цагт Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан болно.

Түүнчлэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсэг хуралдана.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн хэрэгжилттэй танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал, дүгнэлт гаргах Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын  хэсгийн хуралдаан мөн энэ өдөр товлогдсон байна.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ