Өлгий хотод мод тарих ажилд 1200 гаруй хүн оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-12 16:05:19

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. "Мод тарих үндэсний өдөр"-өөр аймгийн төвд үйл ажиллагаа явуулдаг 55 төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгжийн 1200 гаруй ажилтан, албан хаагч мод тарих ажилд оролцлоо.

Мэргэжлийн байгууллагууд энэ жил "Өлгий" нисэх буудал орох зам дагуу 1 га газарт 1600 орчим ширхэг мод тарихаар төлөвлөжээ. Уг  газарт албан байгууллагуудын хандиваар хашаа татаж бэлдсэн байна. Өнөөдрийн "Мод тарих үндэсний өдөр"-өөр байгууллагуудын ажилтан албан хаагчид хашааны дотор мод суулгах нүх ухаж бэлдэж өглөө. Харин мэргэжлийн байгууллагын хүмүүс ухсан нүхэнд улиас, хайлаас, бургас зэрэг гурван төрлийн модны суулгацыг тарих ажээ. Учир нь иргэд заримдаа модыг зохих технологийн дагуу тариагүйн улмаас ургадаггүй тохиолдол гардаг байна.

Түүнчлэн мод тарих үйл ажиллагаанд оролцсон хүн тус бүр өөрсдийн ухсан нүхэндээ суулгах модны суулгацын үнийг хандивлаж, эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ орууллаа. 

Баян-Өлгий аймагт мод тарихад тулгардаг хамгийн гол бэрхшээл бол усны асуудал байдаг. Сүүлийн 5 жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 440 га газарт 230 гаруйн мянган ширхэг мод тарьжээ. Эдгээр модыг гүний худаг гаргах, машинаар зөөх, голын усыг насосоор татах зэрэг аргаар усалдаг бөгөөд ургалт нь 70 хувьтай байгаа аж.

Харин дээрх нэг га газарт тарих модны усалгааны ажлын 30 хувийг "Өлгий" нисэх буудал, үлдсэн хэсгийг аймгийн захиргаа болон Сум дундын ойн анги хариуцан ажиллахаар болсон байна. 

Ө.Нурболат


Холбоотой мэдээ