Ч.Хүрэлбаатар: Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхүйц үйлдвэр байгуулахаас татгалзана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-05-11 13:06:21
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн хэлэлцэхийг дэмжлээ.

Ирэх оны үндсэн чиглэлийг Макро, эдийн засгийн бодлого, Эдийн засгийн өсөлтийг дэмжих, Бүс нутаг, хөдөөгийн хөгжил, байгаль орчны болон Хүний хөгжлийг дэмжих нийгмийн бодлого, Засаглал, эрх зүйн шинэчлэл, гадаад бодлого, Батлан хамгаалах салбарын бодлого гэсэн үндсэн бүлгүүдийн хүрээнд 20 зорилт, 123 бодлогын арга хэмжээ хэрэгжүүлэхээр боловсруулжээ. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд нийт 8 их наяд 780 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд үүнээс 5 их наяд 170 тэрбум төгрөгийг төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна.

Макро эдийн засгийн бодлогын хүрээнд татварын орчныг шинэчлэх замаар хөрөнгө оруулалтыг дэмжиж эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах аж. Мөн инфляцийг зорилтот түвшинд байлгаж, ажилгүйдлийг бууруулан, нэгдсэн төсвийн тэнцлийн алдагдлыг бууруулах, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээж, хөрөнгө оруулалт татан, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж, санхүүгийн тогтвортой байдлыг хангахаар тусгасныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хууль санаачлагчийн илтгэлд дурдлаа. Ирэх онд Засгийн газрын нийт өрийг 10 хувиар бууруулж, ДНБ-ий 55 хувьд хүргэх, төсвийн алдагдал 314 тэрбум төгрөгөөр буурах, төсвийн алдагдлыг нөхөх зориулалтаар бонд гаргахгүй байх зэрэг томоохон ажлуудыг хийхээр тусгасныг мөн онцлов.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, саналаа хэллээ. Одоогоор Монгол Улсын эдийн засгийн өсөлт 5 хувьтай байгааг М.Оюунчимэг гишүүн онцлон, “Монгол Улсын гадаад худалдаа ашигтай гарч, валютын нөөц нэмэгдсэн. Тиймээс одооноос Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулах талаар ярихаас илүү ирэх жил ажлын байрыг нэмэгдүүлэх, иргэдийн амьжиргааг дээшлүүлэх чиглэлд анхаарах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр хөдөлмөрийн зах зээлд МСҮТ төгсөгчид эрэлт их байдаг. Тиймээс МСҮТ-ийн оюутнуудад тэтгэмж олгох, энд сурах хүсэл сонирхлыг нь нэмэгдүүлэх нь чухал” гэсэн санал хэлсэн юм.

Хүүхдүүдийн цэцэрлэг, сургуулийн хүртээмж хангалтгүй, 1072 хувьцаагаа амилуулж чадахгүй байгаа энэ үед УИХ зөвхөн тоо, хувь яриад суух ёсгүй гэдгийг Л.Энх-Амгалан гишүүн шүүмжлэв. Монгол Улсын эдийн засгийн өсөлт дэлхийн зах зээл дээрх уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй холбоотой гэдгийг мөн хэлсэн юм.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “Монгол Улсын эдийн засаг зөвхөн түүхий эдийн үнээс хамаарч өсч байгаа гэдэгтэй санал нэгдэхгүй байна. Бид өнгөрсөн хугацааны бодлогын алдаануудыг зассан. Тэгэхээр түүхий эдийн үнийн ханш болон төрийн зөв бодлогоор эдийн засаг сэргэж байгаа гэж болно. 2019 онд бид эдийн засгийн өсөлтийг 8 хувь, 2020 онд 6 хувь байхаар тооцоолсон. Учир нь 2020 онд сонгууль болно. Сонгуультай холбоотой хэт улс төржилт эдийн засгийн өсөлтөд сөргөөр нөлөөлөх магадлалтай тул бид 6 хувиар тооцсон” гэлээ.

Монгол Улсын төсвийн орлогын хэдэн хувийг уул уурхайгаас хамааралтай байгааг Ж.Ганбаатар гишүүн тодрууллаа. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2019 онд төсвийн орлого 2018 оныхоос даруй 1.9 их наяд төгрөгөөр нэмэгдэх тооцоололтой байгаа. Үүний 370 тэрбум төгрөг нь уул уурхайгаас шууд орж ирнэ. Харин дам буюу ханган нийлүүлэгчдээс орж ирэх хөрөнгийг тодорхой гаргаагүй байна” гэлээ.

Түүнчлэн ирэх онд Монгол Улсад хэдэн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирэх талаар УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва тодруулахад, “Ирэх онд нийт 1,4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ. Үүнээс 900 сая ам.доллар нь Оюутолгойн далд уурхайн бүтээн байгуулалттай холбоотой. Үлдсэн хөрөнгө оруулалт нь бусад салбарт орж ирнэ” гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө.

Мөн О.Баасанхүү гишүүн, “Засгийн газраас томоохон үйлдвэр байгуулах чиглэлд анхаарах хэрэгтэй байна. 2020 он гэхэд хэд хэдэн үйлдвэрийн шав тавьж, 50 мянган иргэнийг ажлын байраар хангах хэрэгтэй” гэлээ. Мөн тэрбээр ирэх онд сувилагч нарын цалин хөлсийг нэмэх боломж бүрдэх эсэхийг тодруулав.

Засгийн газраас ажлын байр шинээр бий болгоход ихээхэн анхаарч байгааг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар дурьдлаа. Тэрбээр, “Төр өөрөө үйлдвэр барих бодлогооос татгалзаж байгаа. Төр өөрөө үйлдвэр бариад хувийн хэвшилтэй өрсөлдөөд байх нь буруу. хувийн хэвшлийн хийж чадах ажлыг бид татварын болон бусад бодлогоор дэмжих учиртай юм. Тэтгэвэр тэтгэмж, цалин нэмэх асуудлыг 2019 оны төсвийг батлах үед ярих нь зөв” хэмээн хариуллаа.

Түүнчлэн Н.Оюундарь гишүүн, “Эдийн засгийн өсөлт иргэдийн амьдралд огт нөлөөлөхгүй байна. Тиймээс өсөлтийг иргэдийн амьдралд эергээр нөлөөлөх чиглэлд анхаарах хэрэгтэй байна. Нөгөөтэйгүүр баялаг бүтээгчдэд сонгууль болох эсэх нь огт хамаагүй. Тэгэхээр 2020 онд эдийн засаг сонгуулиас хамааралтай уналтад орно гэж үзэх нь буруу” хэмээв.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, “2013-2016 онд Монгол Улсын эдийн засаг байнга уналттай байсан. Одооноос өсөлт ажиглагдаж байгаа ч иргэдийн амьдралд шууд нөлөөлөхөд хэцүү. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай. Эдийн засгийг зөв явуулахын тулд бид бодит тооцоолол хийх хэрэгтэй. Өнөөгийн нөхцөлд бид эдийн засгийг 2020 онд хэт өндрөөр төсөөлж болохгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Түүнчлэн Г.Мөнхцэцэг, Б.Баттөмөр, Д.Ганболд нарын гишүүд Засгийн газар соёлын өвийг хамгаалах, хөгжүүлэх чиглэлд анхаарч ажиллах, төсвийн орлогыг нэмэх боломжийг судлах, инфляцийг бууруулах, төсвийн сахилга батыг хангах, 2020 онд эдийн засгийн өсөлтийг бууруулахгүй байх чиглэлд анхаарах ёстой гэсэн санал хэлж байлаа.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороодод шилжүүлэв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ