Орчин үеийн худалдаа, үйлчилгээний төв 11 сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-11 12:42:56
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Дэлгэрэх" худалдааны төв буюу олны хэлж заншсанаар Дунд захыг буулгаж, орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийг байгуулж байна. Нийт таван тэрбум гаруй төгрөгийн төсөвтэйгөөр босох тус барилга ашиглалтад орсноор нийт 1000 орчим ажлын байр бий болно гэсэн тооцоолол гарчээ.
Барилга нь 28х48 харьцаатай, зургаан давхар байх бөгөөд нийт 5000 м2 талбайтай байхаар зураг төсөв нь гарсан байна. Мөн барилгын хийц нь төмөр карказан байх ба томоохон худалдааны төвүүдийн адил дэвшилтэт стандартаар барих аж.
Орчин үеийн худалдаа үйлчилгээний төвийг Баянхонгор аймгийн уугуул Б.Энхтүвшин, Ж.Ганхүлэг зэрэг нутгийн бизнесменүүдийн үүсгэн байгуулсан "Буянт Богд Трэйд" ХХК-ний захиалгаар "Рокпэйнт" групп барьж байна. Барилга дээр 100-120 хүн ажиллаж байгаагаас 70-80 хувийг нь орон нутгийн ажилчид бүрдүүлжээ.
Барилгыг энэ оны 11 дүгээр сард ашиглалтад оруулах юм байна.

                                                                                                                                          Б.Мөнхзул

Холбоотой мэдээ