Тэтгэвэртээ гарах цаг нь болсон 45 багш ажилласаар байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
sarantsetseg@montsame.gov.mn
2015-12-01 15:11:15

Өвөрхангай аймгийн боловсролын салбарт Хөдөлмөрийн болон Боловсролын тухай хуулийн дагуу өндөр насны тэтгэвэртээ гарах 45 багш одоо хэр нь ажилласаар байна.

Тэд тэтгэмжийн мөнгөө авсны дараа тэтгэвэртээ гарна хэмээн “гэдийсээр” байгаа аж. Тэдгээр багш нарын ажилласан жилийн тэтгэмжийн зардалд 799,3 сая төгрөг төсөвлөгдсөн ч зөвхөн 44 хувь нь олгогдохоор батлагджээ. Тодруулбал 2016 оны нэгдүгээр улиралд 11 багшид тэтгэмж олгогдоно гэсэн үг. Тэгэхээр бусад 34 багш тэтгэмжээ авах хүртэл ажилласаар байх уу?

Энэ талаар аймгийн БСГ-ын дарга Ч.Самбуу-Ёндонгоос тодруулахад “Хөдөлмөрийн тухай хуулиар багш, ажилчид өндөр насны тэтгэвэрт гарах нас нь болсон тохиолдолд өөрийн хүсэлтээр гавьяаныхаа амралтад гарах нөхцөлтэй байдаг. Өмнөх жилүүдэд төсөв санхүүгийн бололцоотой байсан учраас тухайн өндөр настан алба хаагчийг ажлаас нь чөлөөлөхдөө тэтгэмжийг нь олгодог байсан. Харин энэ онд төсвийн хүндрэлтэй нөхцөлд байгаа учраас тэтгэмжийн мөнгө нь хүлээгдэж байгаа. Сургуулийн захиргаанаас гавьяаныхаа амралтад гарах багш нартайгаа ярилцаж ойлголцолд хүрэхийн төлөө ажиллаж байна” гэв.

Хэдийгээр төрийн албан хаагч өндөр насны тэтгэвэртээ гарахдаа хуулийн дагуу тэтгэмж авдаг ч улс оронд үүсээд байгаа эдийн засгийн хямралын хүрээнд тэтгэмжээ аваад гарч буй тэтгэврийн хүн бараг байхгүй байна. Тиймээс багш нар ч бусдын адил хуулийг хэрэгжүүлэн ажлаа өгч, шинээр төгсч ирсэн, ажил хайж буй 1000 гаруй залуу багш нарт мэргэжлээрээ ажиллах боломжийг нь нээж өгөх зүйн хэрэг биз ээ. 

Б.Батчимэг 

Холбоотой мэдээ