"Таны дэм бусдад инээмсэглэл" аяныг ЗДТГ-аас эхлүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-08 18:42:54
Дундговь /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн даргын удирдамжийн дагуу Дундговь аймаг дахь Улаан загалмайн хороо өнөөдөр “Таны дэм бусдад инээмсэглэл” аяныг Дундговь аймгийн ЗДТГ-аас эхлүүллээ.

Олон Улсын Улаан загалмай, “Улаан хавирган сар” хөдөлгөөний өдөр, Монгол Улсын хүмүүнлэгийн өдөр өнөөдөр тохиож байна. Тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Таны дэм бусдад инээмсэглэл” аянг өрнүүлж байгаа аж. Аяны хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн 50 гаруй байгууллага, аж ахуйн нэгж, анхан шатны хороод болох сумдаар нөөц хөгжүүлэх аяны хайрцагууд, тэмдэглэл хөтлөх дэвтэр, МУЗН-ийн тугийг аялуулах юм байна. Хандивын хайрцагуудаар дамжуулан эмзэг бүлгийн иргэдэд тусламж үзүүлэх мөнгөн болон бараа материалын хандив цуглуулах юм.

Дундговь аймгийн Улаан загалмайн хороон дарга Д.Сампил “Бид аяны хүрээнд гишүүнчлэл хөгжүүлэх, хандив цуглуулах үйл ажиллагааг зохион байгуулна. Өнөөдөр аяны нээлтийн үйл ажиллагаан дээр хандивын хайрцаг аялуулах байгууллагуудад чиглэл өглөө. Бидний аянг ЗДТГ дэмжиж хүлээн авсан. Мөн өнөөдөр Улсын бүртгэлийн хэлтэс байгууллагаараа Улаан загалмайн гишүүн болсонд баяртай байна” гэв.

Тус аян зургаан сарын хугацаанд үргэлжилнэ гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээллээ.
  Б.Ундармаа

Холбоотой мэдээ