Сум бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй хамтран ажиллах салбар хороо байгуулагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас 2018 онд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж байгаа сургалт, хөтөлбөрүүд, үйл ажиллагааны талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.
Тухайлбал 2018 оны дөрөвдүгээр сараас эхлэн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээний хүрээнд аж ахуй эрхлэлтийн сургалтыг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас гэрчилгээ авсан сургалтын байгууллагуудаар гүйцэтгүүлж байгаа аж. Тус сургалтуудад аймгийн 24 сумын хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучууд, 35-аас дээш хөдөлмөрийн насны иргэдийг хамруулж бизнесээ эхлүүлэх, бизнесээ хөгжүүлэх төсөл хэрхэн бичих зөвлөгөө мэдээлэл өгч байгаа ажээ.
Мөн хүнсний эрхийн бичгийн үйлчилгээ, хүүхдийн мөнгөн тэтгэмж болон өрхийн амьжиргааны түвшин тогтоох судалгаанд хамрагдахаар өргөдөл өгсөн 223 өрхийг судалгаанд хамруулсан байна. Түүнчлэн Ахмад настны тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах тухай хуульд заасны дагуу протез, ортопед, тусгай хэрэгслийг ахмад настан 247, хөгжлийн бэрхшээлтэй 27 иргэнд олгож, нийгмийн халамжийн сангаас санхүүжүүлсэн тухай мэдээлэл өглөө. Мөн тус газар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагын удирдлагуудтай хамтарсан хурал хийж, сум бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн салбар хороо байгуулах шийдвэрийг гаргасан байна. Шийдвэрийн дагуу Завханы 24 сум бүр таван хүний бүрэлдхүүнтэй салбар хороо байгуулжээ. Энэ салбар хороогоор дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн асуудлыг сайжруулах, тэдэнд сургалт сурталчилгаа хийх, төсөл хөтөлбөрт хамруулахад нь дэмжлэг үзүүлэх ажээ.
Завхан аймагт 4000 орчим хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг. Үүний 40 орчим хувь нь тогтсон ажилгүй, орлогогүй байна. Харин 60 орчим хувь нь тодорхой хэмжээгээр хувиараа бизнес эрхэлдэг, тогтсон цалинтай ажилтай иргэд байгаа ажээ.
Б.Мягмарсүрэн