Хууль зөрчсөн албан тушаалтныг хаацайлах шаардлагагүй

Монголын мэдээ | Хууль
batsaikhan@montsame.mn
2015-12-01 12:44:23

Авлигатай тэмцэх газраас хууль зөрчсөн албан тушаалтны буруутай үйлдлийг хаацайлж байгаа Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэд дахин албан бичиг хүргүүллээ. 

Нийслэлийн Багануур дүүрэгт авч хэрэгжүүлсэн авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн Багануур дүүргийн газрын дарга Ч.Цэрэн нь нийт 17 удаагийн тушаалаар өөртөө 7.157.736 төгрөгийн урамшуулал олгохдоо хуулийн дагуу мэдэгдэл, тайлбар гаргаагүй зөрчил илэрчээ. Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах”, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...өөрийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны акт гаргахыг хориглоно” гэсэн заалтуудыг зөрчсөн үйлдэл юм. 

Иймд Ч.Цэрэнд дээрх хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх талаар албан бичгийг Авлигатай тэмцэх газраас Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэд хүргүүлжээ. Харин П.Маргад-Эрдэнэ нь хариу албан бичигтээ “...газрын ажилчдын урамшлыг олгохдоо өөрийн нэрийг оруулж өөрөө тушаалаар баталсан нь хэлбэрийн алдаа болсон учир дээрх алдааг залруулахыг даалгаж зөвлөмж хүргүүлж ажилласан” гээд Ч.Цэрэн нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах шаардлагагүй этгээд гэсэн байв. 

Гэтэл Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах болон компанийн эрх бүхий албан тушаалтан”-ыг хуулийн үйлчлэлд хамааруулахаар тусгасан юм. Тиймээс Ч.Цэрэн нь ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлсэн мэдэгдэл гаргах хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд албан үүргээ гүйцэтгэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн гэж үзэх үндэстэй.

Тиймээс нийт 17 удаагийн тушаалаар өөртөө 7.157.736 төгрөгийн урамшууллыг олгохдоо хуульд заасан мэдэгдэл, тайлбар гаргаагүй Ч.Цэрэнд хариуцлага ногдуулж, дүнг 2015 оны 12 дугаар сарын 3-ны дотор хариу ирүүлэхийг мэдэгдсэн албан бичгийг Мэдээлэл холбооны сүлжээ төрийн өмчит хязгаарлагдмал хариуцлагатай компанийн гүйцэтгэх захирал П.Маргад-Эрдэнэд хүргүүллээ.

Түүнчлэн цаашид байгууллагынхаа удирдах албан хаагчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагааг хаацайлах, аливаа албан тушаалтныг хууль тогтоомжийн үйлчлэлд хамаарах эсэхийг дур мэдэн шийдвэрлэх зэрэг хууль тогтоомжийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлээ таслан зогсоож, авлигатай тэмцэх ажилд удирдлагын манлайлал үзүүлж хамтран ажиллахыг хүсэв. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ