Оросын алдарт уран гулгагч Е.Медведева дасгалжуулагчаа солилоо

Дэлхийд | Спорт
dorjkhand@montsame.mn
2018-05-08 11:55:01
МОСКВА. /Спутник/. Оросын алдарт уран гулгагч, олимпийн хошой мөнгөн медальт Евгения Медведева өөрийн дасгалжуулагч Этери Тутберидзетай хамтран ажиллахаа больж, Канадын дасгалжуулагч Брайан Орсерын удирдлага дор цаашид бэлтгэл сургуулилт хийхээр шийдсэн тухай “Спутник” агентлаг мэдээллээ.

Е.Медведева энэ тухайгаа өчигдөр Оросын Уран гулгалтын холбоонд албан ёсоор мэдэгдсэн байна.

Уран гулгалтын ДАШТ-д хоёр удаа түрүүлсэн, өдгөө 18 настай түүнийг энэ оны эхээр болсон “Пёнчан-2018” өвлийн олимпоос алтан медаль хүртэнэ гэж мэргэжилтнүүд үзэж байсан юм. Гэвч Е.Медведева богино болон чөлөөт үзүүлбэрийн үеэр алдаа гаргаснаар алтан медалиа нутаг нэгт тамирчин Алина Загитова-д алдсан билээ.

Е.Медведева Канадын Торонто хот руу удахгүй нүүх аж. Гэхдээ иргэншлээ солих гэж байгаа гэсэн мэдээллийг тэрбээр үгүйсгээд “Би Оросын нэрийн өмнөөс болон “Самбо-70” клубээ төлөөлөн тэмцээн уралдаануудад оролцсоор байх болно” гэсэн байна.

Тэрбээр дасгалжуулагч Э.Тутберидзетай 11 жил хамтран ажилласан аж. А.Загитова Пёнчаны олимпоос алтан медаль хүртсэний дараа тэдний харилцаа таагүй болсон гэсэн мэдээлэл байна.

Дасгалжуулагч Э.Тутберидзе саяхан телевизэд ярилцлага өгхөдөө “Е.Медведева өнгөрсөн сараас миний дуудлага, мессежинд хариу өгөхөө байсан” гэжээ.

Харин Е.Медведева өчигдөр мэдэгдэл хийхдээ “Би  дасгалжуулагч Э.Тутберидзегаас олон зүйлийг сурсан. Түүний надад зааж сургасан бүхнийг би насан туршдаа санаж, дурсаж явах болно” гэсэн байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ