Аж ахуйн нэгж байгууллагуудтай “Экологийн хариуцлагын гэрээ” байгуулж эхлэв

Монголын мэдээ | Байгаль орчин
ariunbold@montsame.mn
2018-05-03 17:53:10
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Байгаль орчны газраас "Усны хайгуул судалгаа явуулах", "Цооног өрөмдөх, засварлах, тоноглох" чиглэлээр мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж байгууллагатай энэ сарын 1-нээс эхлэн экологийн хариуцлагын гэрээ байгуулж эхэллээ.

Улсын хэмжээнд усны мэргэжлийн байгууллагын эрх авсан 200 орчим аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд худгийн тооллого судалгааг явуулахад 8700 орчим худаг бүртгэгдсэн.  Улаанбаатар хотын хэмжээнд үйлдвэр үйлчилгээ, хүн амын төвлөрөл нэмэгдэж байгаагаас үүдэн усны хэрэгцээ шаардлага ихсэж зөвшөөрөл авалгүй хууль бусаар худаг гаргаж ус ашиглах зөрчил гарч байна.  
 
Иймд Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлага, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт усны нөөцийг хэмнэх, зүй зохистой ашиглуулах, усны хамгаалалтын бүсийн дэглэмийг мөрдүүлэх, ойн санг хамгаалах зорилтын хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Экологийн хариуцлагын гэрээ” байгуулж байгаа болно.
 
“Экологийн хариуцлагын гэрээ”-г байгуулснаар усны мэргэжлийн байгууллагын эрх авсан аж ахуйн нэгж байгууллагууд нь ой, усны сан бүхий газар, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын бүсэд усны хайгуул судалгаа хийх, цооног өрөмдөж худаг гаргахгүй байх үүрэг хүлээж  Улаанбаатар хотын гүний усны нөөц хамгаалж байгаагаараа ач холбогдолтой юм.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ