Ханги боомт байнгын ажиллагаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenechimeg@montsame.mn
2015-11-30 21:05:50

Дорноговь аймгийн Хатанбулаг сумын нутагт орших Хангийн хилийн боомт улиралдаа нэг удаа нээгддэг байнгын бус ажиллагаатай боомт юм.  Тэгвэл дээрх боомт 12 дугаар сарын 01-нээс эхлэн байнгын ажиллагаатай болж хоёр улсын худалдаачдад  үүдээ нээлээ.

Ханги болон  чанх урд нь байрладаг  БНХАУ-ын ОМӨЗО-ны Дархан муу мянган хошууны  Мандал хилийн боомтыг байнгын үйл ажиллагаатай болгох хамтын ажиллагааны нээлт 11 дүгээр сарын 28-нд болсон бөгөөд Монголын талаас УИХ-ын гишүүн Ж.Батсуурь,  Гаалийн Ерөнхий газрын дэд дарга Д.Бэхбат, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг, Хятадын талаас холбогдох албаныхан оролцсон байна.  

Хангийн боомтыг байнгын ажилагаатай болгосноор хил орчмын худалдааг өргөжүүлэх, их хэмжээний бараа бүтээгдэхүүн, түүхий эдийг худалдаалах нөхцлийг бүрдүүлэх, хил дээр удаан хугацаагаар очер дараалал үүсгэдэг байдлыг зогсоох, ачааллыг багасгах боломж буй болж байгааг албаныхан онцолсон юм.

Цаашид тус боомтод бараа бүтээгдэхүүн, түүхий эд ачиж буулгах томоохон төв, боомт түшиглэсэн суурьшлын бүс, тосгон байгуулах, Зүүнбаян-Ханги чиглэлд засмал зам, төмөр зам барихаар төлөвлөжээ.

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ