"Ногоон үзэсгэлэн" үнэ төлбөргүй сонирхуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-27 15:29:05
/Хэнтий МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн Чингис хотноо "Би+д өөрөөсөө эхэлье" зурагт хуудасны үзэсгэлэн үнэ төлбөргүйгээр үзэгчдийн хүртээл боллоо.

Энэхүү үзэсгэлэнгээр Монгол Улсын хамгийн шилдэг 14 уран бүтээлчийн зургийг толилуулж буйгаараа тун онцлогтой байв.

Салбар бүрийн төлөөлөл болсон 40 манлайлагч залуус "LEAD Mongolia 2017" хөтөлбөрт хамрагдаж, 21 хоногийн турш АНУ-ын нийслэл Вашингтон хот болон Виржиниа мужийн Шарлотcвилл хотын Виржиниагийн Их сургуулийн Улс төрийн тэмхимд суралцан төгсчээ. 

Уг хөтөлбөрийг АНУ-ын Олон Улсын Хөгжлийн Агентлагийн санхүүжилтээр World Learning олон улсын ашгийн бус байгууллага хэрэгжүүлсэн байна.

Тус хөтөлбөрийн оролцогчид нийгэмдээ эерэг өөрчлөлт авчрах зорилго дор нэгдэн Монгол Улсын хэмжээнд тулгамдсан асуудлууд болох Ажилгүйдэл - Ядуурал, Авлига - Ил тод байдал, Байгаль орчин - Хотжилт гэсэн 3 үндсэн багт хуваагдан өөрсдийн төслөө санаачлан хэрэгжүүлж эхэлжээ.

Тухайлбал, Байгаль орчин - Хотжилтын багийн залуус “Монголын Маркетингийн Холбоо”, “Бид Монгол Агуулга” ТББ-уудтай хамтран “БИ+Д Өөрөөсөө Эхэлье” төслийг хэрэгжүүлсэн аж.

Тэд агаарын бохирдол, ундны усны зохисгүй хэрэглээ, хуванцар болон гялгар уутны хэрэглээ, байгаль орчинд халтай амьдралын хэв маяг зэрэг хотжилтоос үүдэлтэй хүрээлэн буй орчны асуудлуудыг хөндсөн зурагт хуудасны үзэсгэлэнг дэлгэсэн байна.

Эдгээр зурагт хуудсуудыг "Бид Монгол Агуулга" ТББ-д харъяалагддаг бүтээлч график дизайнерууд байгаль орчны экспертүүдээс бодит, зөв мэдээллүүдийг сургалтаар олж авч, нухацтай судалсны үр дүнд гурван сарын хугацаанд бүтээсэн аж.

Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ