Баллистик пуужин харвасан гэх мэдээллийг анхааралтай ажиглана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-30 14:19:04

ТОКИО. /RIA Novosti/. Шумбагч онгоцноос баллистик пуужин харвах ээлжит туршилт явуулсан гэх мэдээлэлтэй холбоотойгоор Умард Солонгосын байдлыг Өмнөд Солонгосын Засгийн газар АНУ-тай хамт “анхааралтай ажиглана” гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.  

“Өмнөд Солонгос болон АНУ-ын эрх баригчид үүнтэй холбоотойгоор Умард Солонгост цааш өрнөх үйл явдлыг анхааралтай ажиглана” гэж Өмнөд Солонгосын Улс орноо нэгтгэх яамны төлөөлөгч Чон Чун Хи Сөүлд болсон хэвлэлийн хурлын үеэр хэлснийг тус агентлаг уламжилсан байна.

Үүний сацуу, тэрбээр Умард Солонгос баллистик пуужин харвасан тухай мэдээллийг нотлох “тодорхой нотолгоо” одоогоор байхгүй байгааг хэлжээ. Гэхдээ Чон Чун Хигийн хэлснээр, умард солонгосчууд ийм пуужингууд бүтээх ажлаа үргэлжлүүлсээр байгаа аж.

Умард Солонгос энэ сарын 28-нд баллистик пуужин харвах туршилт явуулахыг оролдсон боловч пуужин агаарт гарч чадаагүй бөгөөд туршилт амжилтгүй болсон тухай урьд нь мэдээлжээ.

Харин Умард Солонгос энэ талаар юу ч мэдээлээгүй байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ