Иракт "Лалын улс"-ын 42 босогчийг устгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2015-11-30 12:58:15

РАМАДИ. /Xinhua/. Иракийн Агаарын цэргийн хүчин болон АНУ тэргүүтэй эвслийн Анбар мужид өгсөн агаарын цохилт болон тус мужид явуулсан Иракийн аюулаас хамгаалах хүчнүүдийн цэргийн ажиллагааны үеэр “Лалын улс” бүлэглэлийн 42 босогчийг устгаж, 28 босогчийг шархдуулсан байна.

Иракийн аюулаас хамгаалах хүчнүүд болон хагас цэрэгжилттэй “Хашд Шааби” нэгж Анбар мужийн нийслэл Рамади хотын зүүн нутгийн “Лалын улс” бүлэглэлийн хяналтад байгаа Мудхейж хэсэгт цэргийн ажиллагаа явуулж, тус бүлэглэлийн 12 босогчийг устгасан гэж нэрээ нууцалсан эх сурвалж мэдэгдэв.

Уг ажиллагааны үеэр аюулаас хамгаалах хүчний гурван албан хаагч амиа алдаж, зургаан хүн шархадсан байна.

Үүнээс гадна, Иракийн нийслэл Багдад хотоос баруун тийш 200 км зайд оршдог Хадита хотын зүүн нутгийн Албу Хайят хэсэг дэх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд Иракийн бөмбөгдөгч онгоцнууд агаараас цохилт өгч тус бүлэглэлийн хэд хэдэн байрлал болон 13 босогчийг устгажээ.

Мөн АНУ тэргүүтэй олон улсын эвсэл босогчдын хяналтад байгаа Фаллуджа хотын баруун нутгийн Фалахат хэсэг дэх “Лалын улс”-ын төв байранд агаараас цохилт өгч, тус бүлэглэлийн найман босогчийг устгаж, 15 босогчийг шархдуулсан гэж тус хотын эмнэлэг мэдэгдэв.

Фаллуджа хотын аж үйлдвэрийн дүүрэгт байрлах “Лалын улс” бүлэглэлийн автомашин засварын газарт АНУ тэргүүтэй эвсэл мөн цохилт өгч дөрвөн босогчийг устгаж, зургаан босогчийг шархдуулсан байна.

Үүний зэрэгцээ тус эвсэл Багдадаас баруун тийш 160 км зайд орших Хит хотын гүүрэн дээрх “Лалын улс” бүлэглэлийн байрлалд цохилт өгч, таван босогчийг устгаж, долоон босогчийг шархдуулсан гэж Хит эмнэлгийн эх сурвалж мэдэгдэв.

Рамади хотыг тойрсон “Лалын улс” бүлэглэлийн байрлал руу давшиж, тус хотыг босогчдоос чөлөөлөх ажиллагааныхаа хүрээнд Иракийн аюулаас хамгаалах хүчнүүд болон хагас цэрэгжилттэй “Хашд Шааби” нэгж тус хотын захын хэд хэдэн байрлалыг эзлэн авсан байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ