Хятад улс БНАСАУ-ын шийдвэрийг дэмжиж байна

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-04-24 23:07:28
Бээжин /МОНЦАМЭ/. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун энэ сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн намын төв хорооны 3 дугаар бүгд хурал дээр Умард Солонгос 4 дүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн цөмийн болон баллистик пуужингийн туршилт хийхээ зогсоож, эдийн засгаа хөгжүүлэн, ард иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэхэд анхаарна хэмээн мэдэгдсэн билээ. 
Энэхүү мэдэгдэлтэй холбогдуулан Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Лу Кан хэлэхдээ “Хятад улс, Умард Солонгосын шийдвэрийг сайшаан дэмжиж байна. Энэ нь Солонгосын хойгийн бүс нутгийн нөхцөл байдлыг намжаах, тус бүс нутгийг цөмийн зэвсэггүй бүс болгох асуудлыг улс төрийн аргаар зохицуулахад чухал түлхэц болно. Солонгосын хойгт энх тайван авч ирэх нь тус бүс нутгийн ард түмний хамтын ашиг сонирхолд нийцэж байгаа бөгөөд олон улсын хүлээлт болоод байна. Холбогдох талуудтай яриа хэлэлцээ хийж, бодит үйл ажиллагаагаар бүс нутагт энх тайван, хамтын хөгжлийг хэрэгжүүлэхийн тулд Хятад улс идэвхтэй үүрэг гүйцэтгэх болно” гэв.
А.Анхбаяр   
 
 
 
Холбоотой мэдээ