Асашёорюү Д.Дагвадорж “Шинэ Өвөрхангай” төслийг эхлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-21 18:59:45
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Мэргэжлийн сумо бөхийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Өвөрхангай аймагт хөгжлийн гарцыг бий болгохоор “Шинэ Өвөрхангай” төслийг хэрэгжүүлж эхэллээ. “Бид нутаг орныхоо сайхан ирээдүйг бий болгох ёстой. Тиймээс журмын хэдэн нөхөд нийлж, энэ төслийг хэрэгжүүлэхээр хөтөлбөр боловсруулсан. Их зүйлийг хийхээр төлөвлөөд байна” хэмээн их аварга хэлэв.
Өвөрхангай аймгийн өрсөлдөх чадвар, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх зорилго бүхий уг төслийн хүрээнд хүүхэд, залуучуудыг спортод сонирхолтой болгох, ирээдүйн аваргуудыг төрүүлэх чиглэлээр дорвитой ажиллах аж. Үүний эхлэл болгож өсвөрийн сумочдын тэмцээнийг Арвайхээр хотод зохион байгуулж, бүх сумдаас 200 гаруй хүүхэд оролцон хүч чадлаа сорилоо.  
Төслөөр иноваци буюу нутгийн брэндийг хөгжүүлэх зорилго тавьж, ирэх оны цагаан сараар бүх сумдын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг Улсын циркд зохион байгуулахаар төлөвлөж байна. Мөн аж үйлдвэрийг хөгжүүлж, экспортын бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, боловсролыг дэмжиж, хүүхэд залуучуудыг дотоод, гадаадад боловсрол эзэмшихэд нь туслах зэргээр төслийг хэрэгжүүлэх аж.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ