Засаг даргын томилгоотой холбоотой Цэцийн дүгнэлтийг хүлээж авах боломжгүй гэж үзлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
gantuya@montsame.mn
2018-04-19 11:05:16
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөвсгөлийн Засаг дарга Л.Ганболдын томилгоотой холбоотой Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хэлэлцээд, олонхын саналаар хүлээж авах боломжгүй гэж үзлээ.  

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн “Засаг даргаар томилох, ажлаас чөлөөлөх тухай” 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ардчилсан ёс, шударга ёс ... хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн” гэж заасныг зөрчсөн хэмээн ҮХЦ-ээс дүгнэн, захирамжийг түдгэлзүүлээд байсан юм. Тодруулбал уг захирамжаар Хөвсгөл аймгийн Засаг даргаар Л.Ганболдыг томилохдоо хуульд заасан шаардлагыг хангаагүй, төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шаардлагыг хангаагүй байхад томилсон хэмээн Цэц дүгнэжээ. Гэвч уг асуудлаар маргаан гаргасан нэр бүхий иргэн гомдлоо буцаан татсан мөн шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа юм байна. 

Хууль зүйн байнгын хороо өчигдөр дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзсэн. Харин Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүдийн олонх нь Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг дэмжээгүй байна.

Чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд мөн маргаан гаргагч иргэн гомдлоо буцаан татсан, хэрэг эцэслэгдэн шийдэгдээгүй байхад Цэц хэлэлцэн дүгнэлт гаргаж, УИХ-д оруулж ирж байгаа нь буруу хэмээн шүүмжилж байлаа. Тухайлбал УИХ-ын гишүүн Я.Содбаатар "
Үндсэн хуулийн цэц ийм дүгнэлт гаргасныг гайхаж байна. Үндсэн хуулийн цэц Үндсэн хуулийн заалт зөрчигдөж байгаа эсэхэд хараа, хяналтаа чиглүүлэх ёстой. Гэтэл орон нутгийн чанартай ийм хэргийг татаж аваад, хэлэлцэн дүгнэлт гаргасан байна" гэсэн бол О.Баасанхүү гишүүн "Гомдол гаргасан иргэн нь өргөдлөө татсан байхад Үндсэн хуулийн цэц  хэлэлцсэн байгаа нь ямар учиртай юм бэ. Үндсэн хуулийн цэц хууль дээдлэх зарчмыг зөрчиж байна гэсэн шийдвэр гаргасан бол Үндсэн хуулийн цэц өөрсдөө хууль зөрчсөн болно. Үндсэн хуулийн цэцийн гишүүд өөрсдөө нас нь хэтэрсэн, хугацаа нь дууссан асуудлаар би хэнд хандах вэ.  Хуулиа дээдлэхгүй байгаа хэрнээ хууль дээдлэхгүй гэж ярих нь зөв үү" гэж байв. УИХ-ын гишүүн Н.Лүндээжанцан гишүүдийн асуултад хариулахдаа "Би бол цэц биш. УИХ-ын гишүүн О.Баасанхүү Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн нэр усыг дуудаж, элдвээр хэлж байгаа нь учир дутагдалтай байна. Түүнээс гадна Үндсэн хуульд хууль дээдлэх зарчим гэж үг бий. Тэгэхээр хууль зөрчсөн тохиолдолд л Үндсэн хуулийн цэц гаргаж, яригдаж ирсэн. Үндсэн хуулийн цэц, УИХ хоёрын хоорондын харилцаан маргаантай явсаар ирсэн. Яг одоогийн мөрдөгдөж байгаа хуулиар Засгийн газар хууль зөрчөөгүй гэж харж болохоор байгаа ч нөгөө талдаа бас хууль зөрчсөн юм шиг харагдаад байгаа юм. Энэ бол төрийн дээд институци хоорондын хуулийн маргаан үүсээд байгаа юм. Тиймээс энэ асуудлыг ярилцах ёстой" гэлээ.

Харин УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Нийтийн эрх зүйн асуудлаар захиргааны шүүх шийдэх боломжтой мэт харагдаж байгаа ч тодорхой хэмжээгээр Засгийн газраас гаргасан тогтоол, Ерөнхий сайдын захирамжийг Захиргааны хэргийн шүүх шийдэх боломжгүй гэсэн хуулийн заалд бий. Тэгэхээр Хөвсгөл аймгийн Засаг даргын шийдвэрийг зөвхөн Үндсэн хуулийн цэц л шийдвэрлэнэ гэсэн заалт бий" гэв. 

Ингээд Цэцийн 04 дүгээр дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх эсэхээр санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь "Зөвшөөрөх боломжгүй" гэж үзлээ. 
Н.Туяа
Холбоотой мэдээ