“Аз жаргалтай гэр бүл-50” аян Бор-Өндөр суманд нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2018-04-18 16:07:31
Хэнтий /МОНЦАМЭ/ ДЗМОУБ-ын “Бор-Өндөр 1” Орон нутгийн хөтөлбөрөөс Бор-Өндөр сумын ЗДТГ-тай хамтран “Аз жаргалтай гэр бүл-50” аян эхлүүллээ. 

Энэхүү төсөл орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, өрхийг чадваржуулах, хүүхэд гэр бүлийн сайн сайхны төлөөх үйл ажиллагаанд сумын Засаг захиргаа, байгууллагуудын хамтын ажиллагааг сайжруулах, гэр бүлийн гишүүдийн хариуцлага, оролцоог нэмэгдүүлэх, хөгжлийн талаарх иргэдийн хандлагыг өөрчлөх, хүүхдэд ээлтэй сум орон нутгийг бий болгох гол зорилготой аж.

Тус аян Бор-Өндөр сумын 1,3,4-р багийн 50 өрхийг хамран хэрэгжих юм. Аянд оролцох 50 өрхийг нээлттэйгээр тусгай шалгуурын дагуу өрхүүдээр айлчлан сонгох үйл явцыг хянан баталгаажуулсан бөгөөд  энэ сарын 10-наас эхлэн 2021 оны дөрөвдүгээр сарын 10 хүртэл гурван жил хэрэгжинэ.    

Аяны хүрээнд зорилтот өрхүүдийн сургуулийн өмнөх насны бүх хүүхдийг цэцэрлэгт бүрэн хамруулах, сургууль завсардсан хүүхдийг албан бус сургалтад хамруулж, дүйцүүлэх хөтөлбөрөөр зохих шатны боловсрол эзэмшүүлэх, өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийн хөдөлмөр эрхлэлтийн түвшинг нэмэгдүүлэх замаар амжиргааны түвшинг дээшлүүлэх, ажил мэргэжилгүй өрхийн гишүүдийг мэргэжлийн сургалтад хамруулах зэрэг шат дараатай олон арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.
Д.Одонтунгалаг

Холбоотой мэдээ