Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагааг сайжруулахад 100 сая төгрөг төсөвлөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-04-09 00:22:23
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/ Өрхийн эрүүл мэндийн төвийн /ӨЭМТ/ үйл ажиллагаа, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор энэ жил Орхон аймаг орон нутгийн төсвийн 100 сая төгрөгөөр хоёр эмнэлгийг автомашинтай болгоно.
Мөн “Эмч” дэд хөтөлбөрийн хүрээнд 140 сая төгрөг төсөвлөж эмч нарын нийгмийн болон эрүүл мэндийн асуудалд анхаарах ажээ. Өнгөрсөн онд тус аймаг “Нийгмийн дэмжлэгийн сан”-аасаа 53 эмч, эмнэлгийн ажилтанд 53.5 сая төгрөгийн тусламж үзүүлж эмчилгээ, оношилгоо, орон байрны нөхцөлийг сайжруулж, хүүхдийнх нь сургалтын төлбөрт нь зарцуулсан байна.
Эмч, эмнэлгийн байгууллагын ажлын бүтээмжийг нэмэгдүүлж иргэдэд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор 2016 онд орон нутгийн 914 сая төгрөгөөр “Мэнд-Цэцэн”, 2017 онд 1.1 тэрбум төгрөгөөр “Анхны-Оч” өрхийн эрүүл мэндийн төвийг барьжээ. Нэг эмнэлэгт хоёроос дөрвөн багийн иргэд үйлчлүүлэхээр тооцож гурван давхар бүхий барилга барьжээ. Мөн гэр хорооллын багуудыг нэгтгэж Дэнж багт “Учралт баяр” ӨЭМТ-ийг БОЭТ-ийн Дотрын эмнэлэгийн байр руу шилжүүлсэн байна. Түүнчлэн өнгөрсөн онд өрхийн эмнэлгүүдэд зүрхний эхо бичлэг, оношилгооны лаборатори бүхий тоног төхөөрөмж, дөрвөн автомашинд орон нутгаас 70.1 сая төгрөг зарцуулсан байна. Мөн ӨЭМТ-ийн дарга нартай аймгийн Засаг дарга “Хариуцлагын гэрээ” байгуулж үүргээ биелүүлснийг нь урамшуулсан байна. Энэ мэтчилэн Орхон аймгийн Өрхийн эрүүл мэндийн төв, эрүүл мэндийн салбар олон ажил санаачилж хөрөнгө зарцуулж хүртээмжтэй, санаачилгатай ажиллаж байгаа талаар аймгийн Засаг дарга Д.Батлут эмч нарын уулзалтын үеэр хэллээ.
Б.Оюун-Эрдэнэ

Холбоотой мэдээ