Зарим ажлуудыг дутуу хийснээс болж зам эвдэрчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-04-06 10:27:09
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Шар усны үерийн улмаас Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхааны дөрвөн замаас Ерөө-Хүдэр сумын чиглэлийн 32 км /Ерөө сум/, 64 км-т /Хандгайтын үтрэмийн орчимд 110 м-ийн урттай/ их хэмжээний эвдрэл үүссэн юм. Шинээр тавигдаад  жил ч хүрээгүй байгаа шинэ зам яагаад эвдрэх болсон талаар газар дээр нь очиж үзэн дүгнэлт гаргасан аймгийн МХГ-ын улсын байцаагч М.Баярхүүгээс тодрууллаа.
-Та аймгийн МХГ-ын авто зам хариуцсан улсын байцаагчийн хувьд энэ эвдэрсэн зам дээр өөрийн биеэр очиж дүгнэлт гаргаад иржээ. Аймгийн даргын яриад байгаа ажлын хариуцлага, мөн аймаг өөрөө мэдэж хийгээгүй, хяналт тавигдаагүй ажлууд чанарын шаардлага хангахгүй байгаагийн нэг илрэл гэж харагдаж байх шиг?
-Зам сэтэрч гэмтсэн мэдээллийн дагуу миний бие газар дээр нь очиж үзээд дүгнэлтээ гаргасан. Намайг очиход Дулаанхааны 4 замаас 34 дэх км дээр, цаана нь 64-р км-ийн хэсэг дээр замын суурь цөмөрч 100 гаруй м газарт зам эвдэрсэн байсан. Энэ нь тэнд хоолой төлөвлөөгүйгээс эхний ус ихээр хуримтлагдаж, зам эвдэлсэн, 64 км-т гарсан гэмтэл нь тэнд байгаа усны хоолой нь их усны ачаалал даагаагүйгээс наашаа шуудуу дагаж урссан. Тэр шуудуунд бэхэлгээ хийгээгүйгээс элс нь цөмөрч далан доогуураа орж урссаар замаа эвдсэн гэсэн дүгнэлт гаргасан. Ингээд уг замыг хариуцсан, зам барьсан, зураг төсвийг нь хийсэн, хяналт хийсэн байгууллагуудыг яаралтай цуглуулан хуралдуулж, дээрх зам дээр авах арга хэмжээний талаарх улсын байцаагчийн дүгнэлтээ хүргүүлсэн. Ингээд өнгөрсөн сарын 29-нд Зам, тээврийн яамны ажлын хэсэг, гүйцэтгэсэн компани “Пик тирломент”, зургийг нь хийсэн “Даваазам”, хяналт хийсэн байгууллага болох “Мөнхөд ашдын зам” хувьцаат компанийн инженерүүдтэй хамт дахин газар дээр нь очиж үзсэн. Ингээд дээрх ус их хэмжээгээр хуримтлагдсан газруудад дөрвөлжин хоолой барих. Цаана нь ачааллаа дийлэхгүй байгаа хоолойг томсгож, ус зайлуулах ачааллыг нэмэгдүүлэх, гэмтсэн далангийн шуудууний хэсгийг чулуу болон бетоноор хийх арга хэмжээ авах шийдвэрт хүрсэн. Эхний ээлжинд их хэмжээгээр тогтсон усыг ямарч байсан зайлуулаад, түр хоолой суурилуулах, мөн эвдэрч гэмтсэн замын хэсэг дээр түр зам гаргаад замаа хааж засварын ажлыг эхлүүлээд байна. Хучилтын болон суурийн дээд үеийн ажлуудыг арай эхлээгүй байгаа. Энэ хийгдэх технологи нь дулааны улиралд хийгддэг учраас. Ямар ч байсан эхний ээлжинд тээврийн хэрэгслийг саадгүй явж болохоор түр зам гарган засварын ажлуудыг хийгээд явж байна.
Ч.Отгонцэцэг
Холбоотой мэдээ