Д.Трамп Мексиктэй залгаа хил рүүгээ цэрэг илгээнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-04-04 09:12:32
ВАШИНГТОН. /АП/. Мексиктэй залгаа хилийн дагуу хана баригдаж дуусах хүртэл хилийг цэргүүдээр хамгаалуулахаар төлөвлөж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.

“Ассошиэтед Пресс” агентлагийн мэдээлснээр, Д.Трамп мягмар гарагт Цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэл хийх үеэрээ энэ тухай хэлсэн байна.

Тэрбээр АНУ руу цувж буй Төв Америкийн цагаачдын талаар яриад “АНУ-ын хууль сул байна. Мексиктэй залгаа хилийн дагуу хана барих ажлыг Ардчилсан намынхан удаашруулж байна. Тэд хана барихад зарцуулах төсвийг батлахад саад болж байна. Тиймээс АНУ-ыг ханатай болох хүртэл хилийг цэргүүдээр хамгаалуулах болно” гэжээ.

 Хэр олон цэргээр хилийг хамгаалуулах, тэднийг хэзээ байрлуулахаа тэрбээр тодорхой дурдаагүй боловч “Би энэ асуудлаар Батлан хамгаалахын сайд Жеймс Маттистай хэдийн ярилцчихсан” гэсэн байна.
 
Г.Доржханд

Холбоотой мэдээ