"П.Адарсүрэнгийн дууг хэн сайн дуулах вэ?" уралдаанд Отгон сумынхан тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-03-31 18:20:49

Завхан/МОНЦАМЭ/. Завханы Цагаанхайрхан сумд “Ар Монголын алдарт дуучин П.Адарсүрэнгийн дууг хэн хамгийн сайн дуулах вэ?” нэртэй урд бүсийн сумдын аварга шалгаруулах уламжлалт тэмцээн амжилттай боллоо.
Энэхүү тэмцээнийг жил бүр уламжлал болгож Завханы сумдыг бүсчлэн зохион явуулдаг бөгөөд алдарт дуучны гэгээн дурсгалыг мөнхжүүлж, хойч үедээ таниулах, бахархах зорилгоор зохион байгуулдаг байна. Энэ жилийн тэмцээнийг Цагаанчулуут сумд зохион байгуулж нийт дөрвөн сумын баг оролцож тэргүүн байрыг Отгон сумын баг хүртжээ. Удаах байранд Цагаанчулуут сумын иргэн н.Бат-Ундрах,  мөн сумын иргэн н.Батболд, Цагаанхайрхан сумын иргэн Ц.Ууганцэцэг нар шалгарч  цом, дурсгалын зүйл мөнгөн шагналаар шагнуулсан байна. Харин ирэх жилийн уралдааныг Цагаанчулуут сум зохион байгуулахаар болжээ.

Дашрамд  алдарт дуучин П.Адарсүрэн нь 1942 оны 03-р сарын 01-нд Завхан аймгийн Цагаанхайрхан сумын нутаг дэвсгэр болох Хярын зуслан хэмээх газар Цэвэгжавын гурав дахь хүү болон мэндэлжээ. Тэрээр хоёр дүүтэй, нэг ах, нэг эгчтэй байсан бөгөөд Пэлжээгийнд өргөгдөн Цагаанчулуут суманд амьдарч байсан гэдэг.  1970 оноос Улаанбаатар хотод шилжин Модны хоёрдугаар үйлдвэрийн клубын эрхлэгчээр ажиллан, 1971 оны 11-р сарын 6-нд УАДБЧ-д дуучнаар орж, ХЦДБЧ-т 1980-аад оны дунд үед ажиллаж байгаад чөлөөт уран бүтээлч болсон бөгөөд 1998 оны 10-р сарын 19-нд насан өөд болжээ.

Б.Мягмарсүрэн


Холбоотой мэдээ