Ангела Меркель: Байдал хурцдахаас сэргийлэх хэрэгтэй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-11-26 12:14:54

БЕРЛИН. /Anadolu, Турк/. Туркийн агаарын хилийг зөрчсөн гэж Оросын бөмбөгдөгч онгоцыг буудан унагаснаас улбаалан хурцадсан Турк, Оросын байдлыг хурцатгахгүй байхыг Германы Канцлер Ангела Меркель уриалав.

“Мэдээжийн хэрэг бүх улс газар нутгаа хамгаалах эрхтэй” гэж Германы парламентын урьдчилсан чуулганы үеэр Меркель хэлсэн байна.

“Гэвч нөгөө талаар, Сири болон орчин тойрны бүс нутагт байдал ямар түгшүүртэй байгааг бид мэднэ. Туркийн Ерөнхий сайдтай өчигдөр холбогдож, байдлыг хурцатгахгүй байх талаар уриалсан” гэж тэрбээр хэлжээ.

“Байдал хурцдахаас сэргийлэхийн тулд бид одоо бүгдийг хийх хэрэгтэй. Оросын бөмбөгдөгч онгоцыг унагасан нь Сирийн байдлыг хүндрүүллээ” гэж Меркель хэлээд Сирийн иргэний дайныг улс төрийн шийдэл л дуусгах боломжтойг онцлон тэмдэглэв.

Сирийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор дэлхийн болон бүс нутгийн удирдагчдын хийж буй  Венын яриа хэлцээнд Оросын байлдааны нисэх онгоцыг унагасан хэрэг саад учруулахгүй байх гэж Меркель найдаж байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ